Бадраагийн блог

Монгол улсын минь иргэн бүр нийгэм, эдийн засаг, улс төрийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой гэж би боддог.

Ч.Ганхуяг: Хариуцлага хүлээх зоригтой манлайлах хүн дутагдаж байна

-Юун түрүүнд Таныг “Дэлхийн шилдэг залуу удирдагч”-аар шалгарсанд баяр хүргэе. 5000 залуугаас шалгаран энэ хүндтэй шагналыг авсан гэсэн. Энэ тухайгаас яриагаа эхэлье.
-Баярлалаа. Энэ оны хоёрдугаар сард нэг захидал ирсэн байсан. Дэлхийн эдийн засгийн форум буюу Давосын чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Швабийн нэр дээрээс захиа ирсэн. Би онц ач холбогдол өгөөгүй байлгаж байгаад орой нь үзсэн чинь гарын үсэг зэрэг зүйлээс нь хараад жинхэнэ захидал болохыг мэдсэн. Цаасаар, мэйлээр үнэн, худал олон захидал ирдэг дээ. Түүний нэг л байх гэж бодож байлаа.

Тэр захидалд дэлхийн олон залуугаас “Дэлхийн залуу удирдагч” гэдэгт миний нэр дэвшигдээд шалгарсан тухай бичсэн байсан. Түүндээ энэ талаар нэг их ярьж, бичихгүй, сурталчлахгүй байхыг хүссэн.

Захидалд надтай хамт шалгарсан 230 хүний нэрийн жагсаалт байсан. Олны танил хүмүүсээс нь дурьдвал, Холливүдийн жүжигчин Жессика Бил, алдарт гольфчин Тайгер Вүдс, Формула 1-ийн нисгэгч Майкл Шумахер зэрэг хүмүүс байсан. Монголоос энэ жил миний бие шалгарсандаа баяртай байгаа.

-Манай салбараас гэхэд YouTube сүлжээг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Чад Харли байсан.
-Тийм ээ. Дэлхийд их алдартай том корпораци, компаниудын удирдлага, үүсгэн байгуулагчид шалгарсан байна лээ.

-Энэ шагналд аль ч улсын хүн орж болдог байх нь. Гол нь ямар шалгуураар нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан юм бол?
-Давосын форумтай ямар нэгэн байдлаар холбоотой аль ч улсын хүнийг нэр дэвшүүлдэг юм байна. Шалгаруулалтыг Иорданы хаант улсын эрхэмсэг хатан хаан Рания Ал Абдуллагийн ахалсан баг ажиллаж тодруулдаг. Нэг жилд 5000 орчим хүн нэр дэвшээд 150-200 орчим хүнийг шалгаруулдаг. Нэр дэвшүүлэх явц нь цаанаасаа явагдчихдаг юм билээ.

Шалгуур нь тухайн хүн одоо юу хийчихсэн байгаа нь тийм чухал биш, гол нь ирээдүйд юу хийж бүтээж чадах вэ гэдэгт анхаарлаа хандуулж өгдөг учир айхтар нэр алдар зүүлгэх гэсэн зорилготой биш л дээ.

-Монголоос шалгарсан хэд дэх хүн нь бэ, Та?
-2004 онд УИХ-ын гишүүн С.Оюун шалгарч байсан юм байна лээ. Тэгэхээр би хоёр дахь нь гэсэн үг. Миний хувьд одоогоор өөртөө нэг даалгавар өгчихсэн ажиллаж байна. Тэр нь ирэх есдүгээр сард Давосын чуулга уулзалтын хүмүүсийг эх орондоо авчрах юм. Ингэхдээ ихэвчлэн залуу удирдагчдыг урьж оролцуулна.

Манай оронд ирээд хоёр хононо. С.Оюун гишүүн бид хоёр хүлээж авахаар ярилцаж байна. Ингэснээр манай улсын гадаад бодлогод эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Мөн өөрийн орны залуу удирдагч нартай танилцуулах, туршлага солилцох зэрэг олон ач холбогдолтой байдлаар уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Болж өгвөл энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай зочдыгоо уулзуулаад манай орны тухай илтгэлийг Давосын чуулганд тавиулах зорилготой.

-Таны ярианаас эх оронч гэдэг үг их гардаг юм шиг ажиглагддаг. Энэ ч хүрээнд “Монгол мөрөөдөл”, “Бид эх орондоо хайртай” гээд олон хөтөлбөрийг эхлүүлж, санаачилсан. Энэ ажлууд ямар шатандаа явж байна вэ. Сүүлийн үед нэг их дуулдахаа больчихсон ч юм шиг. Зүгээр сонгуулийн шоу байсан юм болов уу?
-Амьдрал өөрөө шоу ш дээ. Хүмүүс бие биедээ аятайхан харагдах гэж өглөө бүр нүүрээ янзалж, хувцсаа бэлддэг.

Миний хувьд санаачилсан ажлууд дотор сонгуультай холбоотой юм бий. Холбоогүй зүйлүүд ч их. Гэхдээ би шоу хийгээгүй. Сонгууль нь өөрөө шоу болчихсон гэж хэлмээр санагддаг.

Миний хийж байсан зүйл дээр дүн тавиад өгөөч ээ, дүнгээ ард түмнээрээ тавиулчихъя, нөгөө талаас сонгууль гэдэгт суралцаад туршлага суугаад авъя гэж бодсон. Иргэддээ би зөвхөн банкны хүн биш гэдэг үүднээс танигдсан байх гэж бодож байна.

Арван жилийн хугацаанд хийсэн ажлыг маань сонгуулийн төлөө хийсэн гэвэл хэтэрхий явцуу болох байх.

Энд дурдаж болж байна. “Дуулиан -2020” гээд тэмцээн маань амжилттай үргэлжилж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэхүү тэмцээнийг өөрийн ивээлдээ авч явдаг байсан одоо шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мөн манай спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан “Дуулиан-2020” тэмцээнийг үргэлжлүүлэн авч явах байх гэж найдаж байгаа.

2020 он гэхэд манай улс хөлбөмбөгөөрөө дэлхийд хамгийн сүүлд орохгүй байх зорилготой ажиллаж байна. Одоо бид хамгийн сүүлд нь л давхиад байгаа шүү дээ.

Бид эх орондоо хайртай” уриаг бид өнгөрсөн жил гаргаж, ажил, амьдралдаа хэрэгжүүлж байна. Энэ талаар дуугарч, ярьсаных энэ тухай нэлээд хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнөсөн.

Эх орон гэдгийг төрийн дуулал, томоохон арга хэмжээнээс сонсдог байсан бол үүнийг хүмүүс ярьж, асууж эхэлсэн. Тодорхой ажлууд эхэлсэн.

Монгол мөрөөдөл” төслийн хувьд ч гурав дахь жилдээ хэрэгжээд явж байна.

Тодорхой зүйлүүдийг хийж бүтээгээд гаргасан ололтоо бататгаад, алдаагаа залруулаад явж байгаа. Барилгын салбарт болгоомжтой хандахыг бидэнд ойлгуулсан. Гэхдээ зоригийг монхоогоогүй. Дараа дараагийнхаа ажилд илүү анхаарах шаардлагатай. Та бүхэн мэдэж байгаа “Ургах наран” хорооллын барилгын ажилд бага зэрэг иргэдийн гомдол гарсан. Бид барилгын компаниудтай гэрээ хийгээд санхүүжилт хийгээд иргэдэд цэвэр, тохитой орчинд үнэ хямд байранд амьдруулах зорилго тавьсан. Залуучууд маань эхнээсээ байрандаа орж эхэлсэн. Бага зэрэг алдаа гарсан. Энэ бүгдийг засч залруулаад, дараа дараагийнхаа санхүүжилтын ажлыг хийгээд явж байна. Бидний хувьд “Монгол мөрөөдөл” маань хэвээрээ байгаа. Иргэн бүр гал голомтоо бадраахдаа шинэхэн, цэвэр тохилог байртай байх гэдэг. Хүүхдүүд хичээлээ хийж, тоглож наадах цагаа түлээ хагалж, ус зөөж битгий өнгөрөөгээсэй гэсэн мөрөөдөл минь хэвээрээ.

Эх орон гэж их ярьдаг. Гэхдээ тодорхой зүйлүүд хийгээд үр дүнгүүд гарч байна гэж бодож байгаа.

-Нэгэнт та дээр улстөрийн тухай ярьсан юм чинь энэ талаар нэг асууя. Та Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдоогүйн шалтгаанаа улстөрийн аль нэг намд ороогүйгээсээ боллоо гэж бодож байв уу?
-Сонгогдохын тулд улстөрийн намд орно гэдэг буруу ойлголт.

-Манайд нөхцөл, байдал ийм болчихоод байгаа юм биш үү?
-Манай улсад тулгамдаж байгаа гол асуудал чинь энэ шүү дээ.

Бидэнд засаглал, манлайлал дутагдалтай байна. Саяхан би Солонгосын Ерөнхий сайдтай уулзлаа. Тус улс дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралаас түрүүлж гарч байгаа орны нэгд орж байгаа. Тэдэнтэй уулзаад ярилцахаар манай улсад засаглалын ил тод байдал, манлайлал дутагдаж байгааг хэлж байна. Мөн боловсон хүчний тал дээр анхаарах хэрэгтэй гэж байгаа юм. Зүгээр алт, нүүрс, зэс гээд хошуураад байхдаа биш гэдэг санааг хэлээд байна.

Манайхан сонгуульд өрсөлдөхдөө ямар ч хамаагүй үнээр ялахыг хичээж байгаа. Хэнтэй ч, ямар ч намыг сонгосон “би л ялж байвал боллоо” гэдэг бодолтой хүн намд байхаар тэр улстөрийн хүчний жанжин шугам алдагдчихаж байгаа байхгүй юу.

Жишээ нь, АНУ-д би нам сонгоё гэвэл барууны чигийн намыг сонгож болно. Тэр нь засаг хувийн хэвшилд бага оролцоотой байна, татварын түвшин бага байх ёстой, төр улсынхаа аюулгүй байдлыг хангаад байж байх ёстой зэрэг үзэл, баримтлал барьдаг нь олонд ил байдаг.

Зүүний хүчний нам сонгоё гэвэл, тухайн нам нь засаг миний амьдралд шууд оролцож, асуудлыг шийдэх ёстой гэдэг зарчимтай ч юм уу байх шиг жишээтэй. Үүнээс бид сонголтоо хийгээд явах боломжтой. Гэтэл Монголын улстөрийн хүчнүүдэд ийм зүйл ажиглагдахгүй, ойлгомжгүй болчихож байгаа биз.

Иймээс би улстөрд тодорхой хэмжээний зарчим үйлчлээсэй, түүнд нь дуу хоолой болох юм сан гэж бие дааж нэр дэвшсэн. Харамсалтай нь нийгмийн сэтгэл зүй, сонгуулийн тогтолцоо зэрэг олон шалтгаанаас надад боломж олдоогүй. Гэхдээ ингэлээ гээд миний ажил, амьдралын зорилгод өөрчлөлт ороогүй.

-Тэгвэл дараагийн сонгуульд хүч үзэх үү. Сонгуулийн маргаашнаас дараагийн сонгуульд бэлтгэж эхэлнэ гэдэг дээ.
-Би сонгуульд нэг их том улстөрч болъё гэж нэрээ дэвшүүлээгүй. Энэ хотын уугуул хүн, иргэний хувьд дандаа дуугүй суугаад байх үнэндээ утгагүй байна ш дээ. Энэ замыг хар л даа. 80 тэрбум төгрөг гарлаа гэж байна. Түүнийгээ хүүхэддээ өгье гэж байх юм. Гэтэл энэ мөнгийг хүүхдэд зүгээр “май” гээд өгчихөөс илүү тэдний аюулгүй байдлыг бид хангах ёстой ш дээ. Хүүхдийн амь нас, аюулгүйн байдлыг төр засаг хангаж өгөх ёстой болохоос өнөөдөр өгөх хоёр, гурван мянган төгрөг чухал биш. Энгийн жишээ их байна л даа. Улаанбаатар хотын уушиг гээд байсан хүүхдийн парк нь юу болчихсон байна вэ. Энэ мэт анхаарахгүй, дуугүй өнгөрч болохгүй асуудлууд их байна.

Гол, мөрөн ширгээд байгааг харсаар байхад л тэр орчимд нь газрын зөвшөөрөл олгогдоод байна, энэ хотод. Нэг өдөр цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж зөвшөөрөл авчихаад хоёр жилийн дараа байшин барьчихсан байх жишээтэй. Энэ бүгдийг зүгээр хараад сууж чадахгүйн үүднээс л нэрээ дэвшүүлсэн.

-Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн болоод энэ бүгдийг шийдэж чадах уу. Шийдвэрлэх шатандаа манайх чинь хамгийн ихээр “ялзарчихсан” юм биш үү?
-“Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэгчээр болох байлгүй дээ. Ярилцаж, уулзаж дундаасаа үнэн зүйлийг гаргаж ирээд түүнийхээ төлөө зүтгэх хүн бас олон байгаа шүү.

-Гэхдээ сонгогдоогүй ч гэсэн хотынхоо сайн, сайхны төлөө олон ажил үргэлжлүүлээд хийж байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Сонгуулийн үеэр яригдаж байсан нийслэл, хотын нутгийн зөвлөл гэдгийг байгуулах санаа минь хэвээрээ.

Эко сити” гээд төслийн хүрээнд нэг төрийн бус байгууллага байгуулагдаад ажиллаж байна. “Монгол мөрөөдөл” төсөл маань ч хэрэгжиж байна.

-“Эко сити” гэснээс та экологийн хэд хэдэн ажлуудыг санаачилж байсан санагдаж байна. Даавуун уут энэ тэр гээд.
-Байгаль эх дэлхийгээ хайрлах тал дээр олон жилийн өмнөөс ажилласан. Туул голын эргийг цэвэрлье гээд анх санаачилж байсан. Даавуун уут хийх энэ тэр гээд.

Мөн гольфийн талбай байгуулж орчноо сайжруулах ажил хийгдэж байгаа. Мал бэлчээргүй болгож байна гээд шүүмжлэлд өртөөд л байсан. Хэдийгээр Монголчууд “мал мал” гэдэг ч хамгийн энгийн жишээ гэхэд үхрийн баас буюу аргал байгальд хамгийн их хорт хий ялгаруулдаг гэдэг нь нотлогдчихсон байх жишээтэй. Гэтэл гольфийн талбай бол тухайн газрыг зүлэгжүүлдэг, усалдаг, арчилдгаараа онцлог давуу талтай.

Өнөөдөр бид байгаа зүйлээ хайрлах, хамгаалах тал дээр их дутагдалтай ажиллаж байна. 30 тэрбум төгрөгөөр хоосон газар мод тариад цэцэрлэгжүүлэхээсээ илүүтэйгээр бэлх, сэлхид байгаа газар усаа хамгаалаад яагаад цэцэрлэгт хүрээлэн байгуулж болохгүй гэж.

-Ярилцлагаа эдийн засгийн асуудал руу хандуулъя. Одоо нүүрлээд байгаа хямралын талаар хүн бүр л дор бүрнээ өөр өөрийн дүгнэлтээ өгч байгаа. Таны хувьд энэ хямралыг хэрхэн харж байгаа вэ. Манай банкууд барилгын салбараа дагаад хүндхэн байдалд орчихоод байна.
-Хямрал болчихсоны дараа “ийм, тийм зүйлээс боллоо” гээд ярих амархан. АНУ-аас үүдэлтэй энэ хямрал манай оронд нүүрлэнэ ээ. Бид үүнээс урьдчилан сэргийлэх ёстой гээд яриад л байсан. Үрж, цацаж байгаа мөнгөө хумих, цэгцлэх ёстой гэж анхааруулаад л байсан.

Бид ирээдүйгээ бодон олсон хэдэн төгрөгөө нөөцлөөд явах ёстой. Ингэж чадвал бид арай бага хохиролтойгоор энэ хямралаас гарчих боломж байсан. Гэтэл одоо нэгэнт ийм байдалд хүрчихсэн учир яах вэ гэдгээ бодох ёстой боллоо л доо.

Манай оронд хямрал нүүрлэнэ шүү, үүнээс бид яаж сэргийлэх вэ гэж тухайн үед ярьж байсан зүйлийг одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл тийм зүйл хийж байгаа нь ажиглагдахгүй байна. Хямрал өнөөдөр бидний амьдралд яг яаж нөлөөлж байна вэ гэдгийг тодорхойлоод илэрч байгаа шалтгаанууд дээр төрөөс алхам хийх ёстой.

Төв банкнаас инфляцийг бууруулах эргэлзээтэй алхмуудыг тухайн үед авч байсан ч өнөөдөр үр дүнгээ өгч байна.

Харин засгаас түр зуурын аргацаасан алхмуудыг хийж байна. Ноолуурын үнэ ханш, татварын асуудал гээд. Одоо бидэнд хамгийн гол нь урт хугацааны бодлого, стратеги хэрэгтэй болчихоод байна ш дээ. Оюу толгой, Таван толгойн гэрээг зурчихмаар байна. Хангалттай ярилаа. Мэдээж улс орны хувьд чухал шийдвэр ч хэтэрхий удаж байна. Удаснаараа зөв шийдвэр гаргана гэсэн баталгаа байхгүй шүү дээ.

Өнөөдөр бид 20 жил шилжилтийн эдийн засагтай явж байна. Гэтэл Солонгос улс 30 жилийн дотор бүр нурчихсан байсан эдийн засгаа сэргээгээд гаргаад ирлээ. Энэ нь манлайлалтай ч холбоотой. Хүмүүстээ хамгийн гол нь эх оронч сэтгэлгээг бадрааж чадсан нь хамгийн чухал байх. Өнөөдөр хүүхдийг ухаан орсон цагаас нь эх орон гэдэг зүйлийг ойлгуулж өгөх ёстой. Сурч, хөдөлмөрлөж буйгаа эх орныхоо төлөө хийж байна гэж боддог байх учиртай. Гадагшаа гараад мөрөө хөөгөөд явах биш. Гадаадад сурч, ажиллачихаад эх орондоо ирж ихийг бүтээх сэтгэлийг төрүүлж өгөх ёстой.

-Солонгост болсон эдийн засгийн чуулга уулзалтад таныг оролцоод ирсэн гэсэн. Энэ сонингоосоо хуваалцаач?
-Зүүн Азийн эдийн засгийн форумд оролцоод ирсэн. 500-600 хүн энэ форумд оролцсон. Мэдээж эдийн засгийн хямралын эргэн тойрон бидний уулзалтын гол сэдэв байсан. Гэхдээ энэ хямралаас үүсч буй боломжуудыг бас эдийн засагчид олж харж байна. Тэр дундаа Ази энэ хямралын үед хэрхэн тоглоод Европ болон Америк тивээс хөгжлөөрөө яаж түрүүлж гарах вэ гэдэг дээр ярилцаж байна.

Миний хувьд “Тэнгэр” санхүүгийн нэгдлийг байгуулаад Монгол дотроосоо гарч бүс нутгийн хэмжээнд санхүүгийн үйл ажиллагаа явуулах боломжийг эрэлхийлж ажиллаж байна. Анх “Хөгжлийн Алтан сан” гэж байгуулж ажиллаж байгаад Хасбанкийг байгуулж одоо Тэнгэр санхүүгийн нэгдлийг удирдаж байна. Тэнгэр гэж нэрлэсэн нь учиртай. Бүх дэлхий ганцхан тэнгэртэй. Дээрээс нь англиар “Ten ger” буюу 10 гэр гэсэн утга агуулж байгаа юм. Энэ нь бүс нутагтаа 10 улсыг нэгтгэж үйл ажиллагаа явуулъя. Киркиз, Казахстан гээд улсуудын зах зээлд гаръя гэсэн бодлого барьж байгаа хэрэг. Өнөөдөр бидний хийж байгаа бичил зээлийн үйл ажиллагааны хөгжлийг тухайн улсууд гүйцэхгүй байгаа. Бид нар сурсан мэдсэн зүйлээ зааж өгье. Яагаад зөвхөн АНУ, Английн компаниуд олон улсад үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ асуудалд нэлээд ярилцаж байгаад эхний ээлжинд Киргизэд эхний хөрөнгө оруулалтаа хийлээ. Дараагийн долоо хоногт ОХУ руу явна. Хятад руу төлөөлөгчөө явуулсан байгаа. Үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Мөн Француудтай хамтарч гар утасны үйлчилгээг өргөтгөх тал дээр ярьж байна. Монголчууд толгойд нь зогсоод энэ олон улсын байгууллагыг байгуулъя гэж зорьж байгаа юм.

Миний хувьд энэ хямралын үед ийм санаачлага гаргаад ажиллаж байгаа нь зөв зүйл болсон гэж бодож байгаа.

-Та чинь олон улсын бичил санхүүгийн зах зээлийн зөвлөх гэсэн статустай ажилладаг гэсэн байх аа?
-Зөвлөх гэдэг зүйлийг хэн ч хийгээд явж болно. Гэхдээ үүнийгээ ажил, хэрэг болгох нь чухал.

Миний хувьд энэ долоо хоногт Франкфуртын Менежмент, санхүүгийн сургуульд очиж хичээл заана. Гурван өдөр. Тав дахь жилдээ явах гэж байна. Энд Хасбанкны үйл ажиллагаа, амжилтад хэрхэн хүрсэн тухай, бичил зээл, санхүү, санхүүгийн удирдлага, анализ, бизнес төлөвлөгөө хэрхэн боловсруулах, боловсон хүчингээ хэрхэн удирдах вэ гээд олон сэдвээр хичээл заадаг.

Ер нь бичил санхүүтэй холбоотой олон улсын хурал, зөвлөгөөнд байнга оролцож, үг хэлдэг. Жилдээ долоогоос найман удаа ийм төрлийн хурал, уулзалтад оролцож, дуу, хоолойгоо хүргэж байна. Сүүлд гэхэд, Нью Йоркт болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн банкны хуралд оролцож илтгэл тавиад ирсэн.

Энэ оны дөрөвдүгээр сард 11 банк нийлээд Дэлхийн ёс зүйт банкны холбоо байгуулсан. Үүнд оролцоод ирсэн. Дэлхийн тэргүүлэгч 10 банктай Хасбанк хамтраад ажиллаж байна.

-Банкны салбар хүндхэн байдалд орчихоод байна. Барилгын салбартай уялдаатайгаар.
-Барилгын салбарыг аврахгүй бол угаасаа банкнуудад хүндрэл учруулах нь ойлгомжтой. Хагас дутуу баригдчихсан байгаа барилгуудтай ийм эмгэнэлтэй хотод амьдрахгүйн тулд төрөөс алхам хийх ёстой.

Эрх зүйн зохицуулалт, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх хэрэгтэй.

Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр манлайлал дутаглаж байна. Асуудлыг дорвитой шийдээд хариуцлага хүлээх чадвартай хүн манайд хэрэгтэй байна ш дээ.

Оюу толгой, Таван толгойн гэрээ гэхэд л асуудлыг шийдэхгүй явсаар тав, зургаан жилийг өнгөрөөчихсөн байгаа биз. Хүн ганцхан амьдарна. Үүнийг санах хэрэгтэй.

-Та Монголд суугаа Унгарын консул. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Унгарын консулын ажил маань үргэлжилж байгаа. Ашхүү гээд миний багийн найз, Унгарт төгссөн залуу консулын өдөр, тутмын ажлыг амжуулж байна. Монголоос тус улс руу явах иргэдийн бичиг, баримтыг боловсруулах, цэгцлэх, манай улсад Унгараас ирж байгаа зочид, төлөөлөгчдийн асуудлыг шийдэх зэрэг өдөр, тутмын олон ажил бий.

Мөн Унгар улстай хамтарч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавих ажлууд байна.

-Ер нь оролцоогүй салбар тун цөөхөн үлджээ, Танд?
-Сансарт нисээгүй ш дээ. /инээв/. Оролцож амжаагүй хийх ажил маш их байна. Байлгүй яахав.

Баабар: Хүмүүс өөрийнхөө ойлгож байгаа түвшингээр сонголт хийдэг

-Таны “Дори идэр дүүдээ” номыг оюутан байхдаа уншиж, таны фен болж байлаа. Миний дүү 18 нас хүрлээ гэж эхэлдэг энэ ном олон Монгол залуусыг хүмүүжүүлж байгаа гэдэгт итгэж байна. Харин та 18 настайдаа ямархуу хүү байсан бол? Тэр үеийн Баабарыг энэ цагийн өндөрлөгөөс эргээд харвал их сонин байх болов уу?
-Зүгээр л хүүхэд шиг хүүхэд байсан. Би 18-р сургуулийг төгссөн юм. Тэр үедээ хотын захад тооцогддог байсан сургууль. Манайх 120 мянгатын айл л даа. Тэгээд арваа төгсөөд гадаадад сургуульд явсан. Тийм л намтартай. Харин онц сурлагатан хүү байсан шүү.

-Номонд бичигдсэн бүх номыг биш юм гэхэд талыг нь та энэ үедээ уншчихсан байв уу? Энэ ном бичих сэдэл хэзээ хэрхэн төрсөн бэ гэж асуух гээд байна л даа.
-Оюутан болоод гадаад, соёлт ертөнцөд гологдож эхэлнэ биз дээ. Өөрийгөө нөхөж авахын тулд олж авсан сургамж гэх үү дээ. Манайд тэр үед ямар тэр ном гардаг байсан биш. Олонхи нь хориглогддог ч байсан байх. Би дунд сургуульд байхдаа гадаад хэл мэддэг ч байсан биш. Тэгээд оюутан болоод энэ нийгмийн надад өгөөгүй юмсыг олж авах гэж будилж, онож, алдаж явсан туршлагаараа өнөө үеийн залуучуудад энэ нь дээр юм байна лээ шүү, энэ нь хэрэггүй юм байна лээ, энийг ингэж товчлоорой гэж л заасан ном шүү дээ. Хоёрдугаарт ном болгоныг барьж аваад хэрэггүй, хэрэгцээтэй ном гэж байдаг, номноос олж болох мэдээллийг өнөөдөр кино, элдэв урлаг, интернет зэрэг янз бүрийн юмнаас олж болноо гэдгийг хэлсэн. Цаашлаад аль ч нийгэмд тун цөөхөн хувь нь боловсролтой байдаг, хүн болгон эрдэмтэн, доктор, профессор болоод унах юм бол хэн сандал хадах юм, тийм ээ. Тиймээс боловсролтой болох гэж байгаа, зөвхөн тийм хүрээний залуучуудад л зориулсан ном. Тэрнээс хүн болгонд хэрэгцээтэй юм биш шүү дээ. Эцэг эх нь хүүхэддээ тэр номонд бичигдсэн бүх номыг уншуулж, киног үзүүлнэ гэж дайрах юм бол утга учиргүй юм. Товчхондоо энэ бол залуу хүн болгоны мөрийн хөтөлбөр биш, ердөө. Аливаа нийгэмд боловсролтой маш цөөхөн хувь байдаг юм. Америкийн нийгмийг өнөөдөр таван хувь нь л авч явж байгаа гэдэг шүү дээ.     

-Та олонд танил, нээлттэй юм шиг атлаа хачин нууцлагдмал эрхэм. Хүн болгон Баабар гэж мэддэг хэрнээ таны бага нас, аав ээж бас гэр бүл, хувь хүний талаар төдийлөн мэддэггүй. Таны хувь, дотоод ертөнцтэй чинь илүү ойр дотно танилцмаар байгаагаа шуудхан хэлчихье. Та зөвшөөрөх үү?
-Надад нууц юм нэг ч байхгүй. Чи асуугаад, би хариулахгүй гээд зугтаагаад байх юм байхгүй. Би Архангай аймагт төрсөн. Аав, ээж хоёр маань сургуулиа төгсөөд Архангай руу хуваарилагдаж явсан юм билээ. Би айлын анхны хүүхэд л дээ. Ээж анхныхаа хүүхдийг хотод төрүүлнэ гээд шуудангийн машинд суугаад явсан чинь нөгөө машин нь замдаа Түвшрүүлэх дээр онхолдчихсон гэдэг. Тэгээд аймагтаа хүргэгдэж ирээ, хүүхдээ хотод төрүүлнэ гэсэн биш дутуу төрөөд. Манай аав Завханы Цагаанхайрханы хүн. Том эрдэмтэн байсан. Доктор, профессор. Аав, ээж маань хөдөө төрж өссөн ч эрдэм номын мөр хөөж 50-иад оны үед хотод орж ирсэн улс. Намайг нэг ойтой байхад гэр маань хотод нүүж ирж, би хотод өссөн. Бид нар аав, ээжээсээ гурвуулаа. 

-Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Магадгүй их уншдаг, этгээд сэтгэлгээтэй хүү байсан байх гэсэн төсөөлөл буугаад байдаг юм.
-Багадаа томоотой, ном сайн сурдаг хүү байсан. Гэрээсээ гардаггүй хүүхэд байсан юм уу даа, ээж намайг миний хүү гараад ядахдаа байшингаа нэг тойрчихоод ороод ир гэдэг байж билээ. Тийм л хүү байсан. Хулигаан, атаман байгаагүй. Гэхдээ бас зожиг биш.   

-Та биохимич гэх ховор мэргэжилтэй. Таны мэргэжил сонголтонд хэн нэгэн нөлөөлсөн үү эсвэл та хувь заяаныхаа эзэн байж өөрөө сонголтоо хийсэн үү?
-Би биохимич мэргэжилтэй. Тийм ч ховор юм бишээ. Дунд сургуулийн ахлах ангид биохимийн анхны ойлголт өгдөг шүү дээ. Манай аав биологийн ухааны доктор.

-Энэ мэргэжил таны амьдралд юу өгсөн бэ? Мэргэжлээрээ хэр олон жил ажилласан бэ?
-Олон жил ажилласан. Нарийн ярьвал би энзимлогич хүн. Энзимлоги гэдэг нь амьд организм дотор болж байгаа урвалуудын катализатор болсон уургийг судалдаг ухаан. Би энзимлоги, микробиологийн эрдэм шинжилгээний институтэд туслах ажилтнаас ахлах ажилтан хүртэл их олон жил ажилласан. Химотрипсин, трипсин гэдэг бодисыг ялгаж авах, түүний физик химийн шинж чанарыг судлах ажил хийж байсан. Цаг үеийн эрхээр институт дампуураад, мэргэжлээсээ хөндийрсөн дөө. Монголд чинь 260 институт байсан юм шүү дээ. Манай институт химотрипсин, трипсин, панксин зэрэг нарийн бодисуудыг ялгаж аваад тэр үедээ гадагшаа экспортолдог байлаа. Бүтээгдэхүүн гаргаад, түүнийгээ гадаадад гаргаад зарчихдаг, өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө нөхчихдөг институт байсан. Ийм институт их ховор байсан даа, бүгд улсаас татаас авдаг. Энд ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болсон. Манай авгай генийн инженер мэргэжилтэй хүн. Москвад бид хоёр хамт аспирантурт суралцаж байлаа. Тийм байна. Өөр “нууц” юм байхгүй биз дээ.

-Гэргий тань одоо юу хийдэг вэ?
-ТИС-д багшилж байгаад сүүлийн үед толь бичиг хийж байгаа. Өмнө нь Oxford, сая энэ Collins-ийн толийг хийсэн. Мэргэжлийн ажил нь байхгүй болохоор генийн инженерийн эрдэмтэн хүн толь хийгээд суудаг болсон байна. Энэ бол Монголд хамгийн анх гарч байгаа олон улсын стандартыг хангасан толь бичиг. Энэ чинь тодорхой шалгуураар гардаг юм шүү дээ. Толь бичиг гаргах эрхийг тухайн байгууллагаас нь очиж маш өндөр үнээр авна. Дэлхийн дээр англи хэлнйихүлээн зөвшөөрөгдсөн хоёр л билингуал том толь бичиг байдаг юм, Oxford, Collins гэж.    

-Хүн болгоны хамгийн гэгээн үе оюутан нас байдаг. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Сайхан байжээ. Гэхдээ эх эцэг гэр орноосоо хол анх удаа бие дааж амьдарч байгаа болохоор эхэндээ ч амаргүй. Гээд бие дааж сурна гэдэг том сургууль л даа.

-Зах зээлийн шуурганаар та хаана, юу хийж байсан бэ? Хэзээ нэгэн цагт бусдын нэг адил гахай зөөж, ганзага үүрч байв уу?
-1990-1991 онд би Англид сурч байсан. Импириал коллеж гээд маш мундаг институтэд ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад тэнд дөрвөн Нобелийн шагналтан байсан гээд бод доо. Тэнд авамори гэж микробын чихэр задлагч генийн судалгаа хийх төсөл дээр арваад хүн ажиллаж байсны нэг нь би. Ер нь надтай энэ чиглэлээр хамт сурч байсан, биотехнологиор бэлтгэгдэж, мэргэшсэн манайхан одоо голцуу Америкт ажиллаж байна.

-Таньд ч гадны байгууллагаас ажиллах санал ирнэ биз?
-Тухайн үед бол өөр хэрэг байсан байх. Одоо бол би хоцрогдчихолгүй яахав дээ. Арван зургаа, долоон жил өнгөрчихөөд байхад. Одоо би А витамины томъёо танихгүй болтлоо хөндийрөө биз. Шинжлэх ухаан гэдэг чинь дотроос нь хөндийрчихөөд сүүлд сайн дурын уран сайхан болоод эргээд давхиж очдог ажил биш. Тасралтгүй, өдөр тутмын нөр их хөдөлмөр шааррдаг зүйл. Одоо намайг хэн ч тоохгүй. Тухайн үедээ бол өөр л байсан байх. Би ч улс төр мөр гэж гүйж явсаар байгаад хөндийрчихсөн.

-Гадаадад бол үнэ цэнэтэй мэргэжил биз дээ?
-Америкийн эмиграцийн хуулинд 1986 оноос эхлээд биотехнологи болон электроникийн мэргэжлийг ногоон карт олгоход давуу тал болно гээд заагдчихсан юм. Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрөгдсөн ийм мэргэжилтэй байх юм бол ногоон карт олгоход жагсаалтын эхэнд орно гэсэн үг. 

-Та тэгээд яаж яваад улс төрд хөл тавьчихав?
-Улс төрийн хэргээр 1950-1990 оны хооронд шоронд орсон тавхан хүн байдаг юм. Тэдний нэг нь би. 1979 онд шоронд орж байсан. Гайхуулаад, би хэлмэгдсэн гээд улсаас мөнгө нэхээд явдаггүй л дээ.

-Юунаас болж?
-Солженицыны зохиол, бүтээлээс орчуулж тараагаад. Тэгээд баригдчихгүй юу. Тэр яахав, тусдаа асуудал. Нийгэмтэйгээ таарахгүй, энэ нийгэм болохгүй байна гэж тэрсэлддэг үзэл надад бүүр оюутан цагаас бий болсон. Тийм учраас ерэн оны үйл явдалд өөрийн итгэл үнэмшлээр оролцсон болохоос тохиолдлынх биш. Би хийдгээ хийсэн, энэ нийгмийг өөрчлөхөд зөндөө оролцсон. Тэгээд 2000 оноос би улс төрөөс гараад явчихсан. Дахиж орох ч үгүй байх.          

-Хэрвээ улс төрч гэдэг мэргэжил байдаг байсан бол тэдгээр мэргэжилтнүүдийн нэг нь та…
-Улс төрч гэж мэргэжил байхгүй. Улс төр судлаач гэж байна. Хэн ч улс төрч болж болно. Ганцхан нийгмээсээ итгэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тийм ч учраас сонгууль болдог. Сонгуулиар нийгэм өөрийн итгэж, найдаж байгаа улсуудаа сонгож гаргаж ирдэг. Тэр нь улс төрч. Улс төр судлаач гэдэг тусдаа ажил. Их сургуульд тусгай анги байдаг. Түүнийг төгсмөгцөө депутат болчихдоггүй биз дээ.

-Мэдээж улс төрч гэдэг мэргэжил байхгүй л дээ. Гэхдээ улс төрч гэх тодотголтой олон хүмүүсийн дунд бодлого боловсруулах түвшинд ард түмнийхээ төлөө ажиллачих чанар, улс төрч хүнд байх ёстой үнэт зүйл энэ хүнд байна гэх нэг онцлог байдаг. Тийм чанартай хүмүүсийн нэгийг таныг гэж боддогоо хэлсэн хэрэг л дээ…
-Тэр чиний бодол байхгүй юу. Хүмүүс өөрийнхөө ойлгож байгаа түвшингээрээ сонголтоо хийдэг. Тиймээс одоо энэ 76-гаа янз бүрээр хэлж гоочлоод ч яах юм билээ. Яг энэ ард түмний хүсэл эрмэлзлээр бий болсон хамт олон шүү дээ. Мэдээж хэрэг түвшин доогуур газар өөртэйгээ таарсан юмаа сонгож таарна. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид ч юм уу, эсвэл аль ч дундаж иргэн тэр байснаас энэ нь байсан бол дээр байсан юм гэцгээдэг нь өөрсдийнх нь бодол шүү дээ. Нийт хүмүүсийн, массын бодол биш, массын дундаж бодол л сонголт болоод гарч ирж байгаа.. Ямар ард түмэн байна, тийм л төр байна гэдэг чинь энэ. Хүмүүс өөрийн улс төрчөө өөрөө сонгодог. Би бол ерөөсөө улс төрч хүн биш. Би олон нийттэй харьцаж чаддаггүй. Би шулуухан хэлдэг, хорон үг хэрэглэдэг. Нийгэм ийм хүнийг хүлээж авдаггүй юм. Ухаан нь тийм ч юм хийнэ, ийм ч юм бүтээнэ гээд худлаа яриад, бүлтрээд байдаг хүнийг ялангуяа төвшин доогуур нийгэм хүлээж авахдаа сайн байна.

-Хүмүүсийн, нийгмийн сэтгэлгээ ядуу байна л даа..
-Хүмүүсийн сэтгэлгээ…? Ер нь тэгээд яг ямрыг нь ядуу гэх юм? 50 жилийн өмнөх Монголын нийгмийн сэтгэлгээ одоогийнхоос хамаагүй доогуур байсан. Одоогийнхыгаа Европ юм уу Америкийн нийгмийн сэтгэлгээтэй харьцуулахад тээр доор байгаа шүү дээ. Харьцангуй ойлголт. Түүнээс биш Монгол дахь нийгмийн сэтгэлгээ муухай, тэнд сайхан байгаа юм биш. Өнгөрсөн зуухан жилийн дотор дундад зууны бүдүүлэг байдлаас ийм хурдтай гараад ирсэн өөр ард түмэн байхгүй байх шүү. Харин ч хурдаа дийлэхгүй байна. Тавин он гэхэд энэ орон ямар байсан? Хүн амын 80 хувь нь малчин, нүүдэлчин. Өнөөдөр гэтэл дөнгөж 15 хувь нь ийм хэв маягаар амьдарч байна. Арван мянган хүнд оногдох оюутны тоогоор дэлхийд нэгд орчихсон явж байна. Хоёрдугар байранд АНУ жагсаж байгаа. Тэгэхээр энэ харьцангуй ойлголт юм. Манайх л муухай, гадаад гоё гэсэн үг биш шүү дээ. Өнөөдөр улс төр бохир заваан болчихлоо, Монголын улстөр утгаа алдчихлаа л гэж байна. Энэ чинь ард түмний өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл шүү дээ. Ард түмэн юу хүсэж байна, түүнийгээ л гаргаж ирж байгаа хэрэг.

-Сонгуулийн булхай гэж нэг асуудал байгаа
-Сонгууль булхайтай болох гэдэг тусдаа асуудал. Боллоо боллоо гэхэд зуун хувь булхайцна гэж байхгүй. Тодорхой хувьд нь тийм юм байгаа байх. Ихэнхи нь ард түмний итгэл найдвараар гарч ирсэн улс. Сонгогчид мөнгөөр худалдагдсан л гэнэ. Үгүй яахав дээ, байж байгаа царай нь л тэр дээ. Хүмүүсийн итгэл найдварыг хүлээж чадахгүй байх нэг тусдаа асуудал. Юуны өмнө бид өөрсдөө ямар хэмжүүрээр сонгож байгаагаа бодох л хэрэгтэй. Сая таванзууг тоолоод өгнө гэхээр нь хошгирч давхиж очоод л саналаа өгчихсөн үү? Одоо яая гэхэв. Юутай ч тэр чинь сонголт мөн шүү дээ. Ямар сэтгэхүйтэй байна тэр хэмжээндээ л сонгоно. Ингэхээр ард түмний итгэл найдвар мөн байгаа биз дээ. Социализмын үеийнх шиг хэнийг сонгож байгаагаа мэдэхгүй нэг нэр л зурчихдаг, хэрэв оролцохгүй бол алуулангаа алддагтай харьцуулахад хошгирч бариад бас дэвшил гарсан байгаа юм биш үү? Тийм учраас би хэлээд байгаа, хошногоо өмхий гэж тайрдаггүй юм аа. Наадах чинь муу ч сайн ч, чиний хошного байхгүй юу. Угаагаад авдаг болохоос хэзээ тайрч байсан юм.

-Тэгвэл өөрсдийнхөө сонголтыг зүхдэг, улс төрчид нь цагаандаа гарчихсан өнөөдрийн нөхцөл байдлаас гарахын тулд яах ёстой вэ?
-Нийгэм урагшлаад, бид хөгжөөд байгаа шүү дээ. Бид нарын амьдралын төвшин улам дээшээ болж байна. Саад бэрхшээл байна уу, байна. Аль ч нийгэмд байдаг зүйл. Манайд хээл хахууль, өөр юу байдаг юм, өчнөөн юм байна. Шинэ төлөв байдалд орохтой зэрэг түүнийг дагаад асуудал үүснэ биз дээ. Чи бод л доо, хорин жилийн өмнө Улаанбаатарт 3 мянган машин байсан, үүнийг нэг зуу нь хувийнх. Манай Цацрал зурагчин олон машинтай зураг авахын тулд Замын цагдаатай ярьж байгаад 30 минут машин зогсоосон байдаг юм. Тэгээд цугларсан нь хориодхон машин. Өнөөдөр Улаанбаатарт 130 мянган машин замын хөдөлгөөнд орж байна. Үүнийг дагаад шинэ асуудал бий болж байна, замын түгжрэл гээд. Шинэ нөхцөл байдлыг дагаж шинэ асуудал үүсэж байгаа хэрэг. Ерэн онд юун замын түгжрэл. Тиймээс бидэнд учирсан олон саад бэрхшээл нийгмийн хөгжлийг дагаж гарч ирж байна. 1990 оноос өмнө бас л сонгуулирхуу юм болдог байсан, хэнийг гаргаж ирснээ иргэд мэддэггүй, мэдүүлдэгч үгүй байсан. Хүмүүст үнэн чанартаа сонголт байгаагүй учраас элдэв гомдол гардаггүй байж. Одоо иргэд сонголттой болсон учраас голох гэдэг шинэ асуудал гараад ирж байнаа даа. Тэрнээс бид энэ хорвоогийн хамгийн адгийн, хамгийн балиар газар турж үхчих гээд байгаа улсууд биш. Мэдээж хамгийн аз жаргалтай нь биш, гэхдээ хамгийн адгийнх нь биш. Өнөөдөөр Монгол хүн дунджаар 2700 кл.калори хоол идэж байна. Баян улсууд нь 5000 калори хоол идэж байна гэж бодож байна уу? Язарч үхдгийм байгаа биз дээ. 2700 кл.калори гэдэг чинь Японы төвшин. Дундаж Япон хүн ямар илчлэгтэй хоол өдөрт идэж байна, бид тийм хоол идэж байна. Ирак шиг дайнд нэрвэгдчихсэн, эсвэл Сычуан шиг газар хөдлөлт болчихсон юм алга байна. Сэтгэл дундуур байгаа юу, дундуур байгаа. Үүнийг бид засах ёстой. Нийгэм урагшилж байна уу гэвэл, урагшилж байна. Нийгмийн сэтгэхүй урагшилж байгаа. Гэхдээ норм хэмжээндээ очтол урт хугацаа хэрэгтэй. Дор хаяж л үе солигдохыг хүлээж л таарна даа.           

- Үндсэн асуултндаа оръё. Та орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлчихсэн давхиж явах юм. Олон ч хүн Баабар ингэж доошоо ороод байхдаа яахав дээ, тэр парламентад, хууль тогтоох дээд байгууллагад байх ёстой сайн улс төрч гэж бухимдахтай би дайралдсан. Та яагаад орон нутагт нэрээ дэвшүүлсэн юм бэ?
-Би нэр дэвшүүлээгүй ээ. Би сая Америк, Европ, Япон, Солонгосоор бүтэн сар явж байгаад ирсэн. Тэр хооронд миний нэрийг дэвшүүлсэн байна лээ. Ирээд би дэвшихгүй гэдгээ хэлсэн. Дахин сонгууль болохоор болсон гэх шив дээ. Миний нэрийг хасаарай гэж хэлс эн.

-Эзнээс нь зөвшөөрөл авахгүй бас нэр дэвшүүлнээ?
-Яахав дээ, тийм юм байдаг л юм. Талийгч Уламбаяр бид хоёр их найзууд байсан юм, тэр маань л, хөөе, би чамайг ялчихсан шүү гээд давхиад ирдэг юм байна. Юу, ямар ялалт гэсэн чинь 2000 оны орон нутгийн сонгуулиар намайг ялсан гэнээ. Би орсон юм уу гэсэн чинь, чи 11-р хороололд дэвшчихсэн байх чинь билээ, чиний нэр байсан гэнэ. Би улс төрд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан. Том  хувь нэмэр оруулсан гэж боддог. Нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулахад хувь нэмрээ өгсөн. Би улс төрч байх араншинтай хүн биш. Сайхан талаас нь нийгэмтэйгээ зөв харилцана гэж хэлье л дээ, муухай талаас нь ярьвал хулхидана гэе л дээ, ийм байж улс төрч болно, надад ийм чанар байхгүй. Тийм учраас надад таарахгүй. Улс төрд таарахгүй хүн гэж байдаг юм. Тийм учраас би 1993 оноос нам мамын ажилд ер оролцоогүй. Сонгуулиар харин гарцаагүй намынхаа төлөө саналаа өгнө. Хэн ч байсан хамаагүй, бүр чөтгөр байсан ч өөрийнхөө намын төлөө санал өгнө. Ингээд болоо биш үү?   

-Би хувьдаа сайн нийтлэлчийн тань хувьд таныг улс төр гэж бохир тоглоомоос харамладаг. Та нэг хормыг ч гэсэн бичиж, нийтлэхдээ зарцуулбал тэр нь манай нийгэмд илүү тустай гэж үздэгээс тэр л дээ. Таны бичих авьяас юуных вэ? Их уншсаных уу эсвэл удмынх уу?
-Би авьяастай л байхгүй юу. Удамшсан юм байгаа байхаа. Манай ээж Өвөрхангайн Нарийнтээл сумынх. Тэндхийнхэн ямар айхтар хэл амтай гэж санана. Хүний ам тагладагаараа алдартай улс байдаг. “72 дашийн шог” энэтэр гэсэн домог болсон хэлц тэндээс гарсан. Хүнд нэр хоч өгөхөөрөө бүр тасарчихсан газар. Манай ээжийн хамаатнууд миний мэдэхийн л бүгдээрээ цэцэн цэлмэг яриатай, хоржин үг элбэгтэй улс байдаг. Хүн болгонд цаанаас нь заяачихсан авьяас гэж байдаг. Дээр үед би Болгарын нэг хүүхэлдэйн кино зурагтаар үзэж байсан. Нэг жаахан хүн яваад байдаг. Бусад нь түүнийг шоолоод, гутлаараа замыг нь хаагаад явуулахгүй, эсвэл барьж авч гар дамжуулж тоглоод л, шоглоод л. Тэр нөхөр гүйж явсанаа гэнэт нэг нүх рүү орчихсон чинь гэнэт аймаар том болоод, нөгөө аврага улсууд нь мань эртэй харьцуулахад эрхийн чинээ болчихдог. Тэгээд нөгөө нүхнээсээ гараад гүйхээр буцаад жижигхэн болчихдог. Хүн болгонд өөрийн чаддаг асар том юм байдаг гэдгийг харуулж байгаа хэрэг л дээ. Хэн нэг нь тэвэг тоглохдоо лут байж болноо доо. Нийгэмд амьдрах чадваргүй, гэтэл яг тэвэг болохоор лаг. Тэвэгний дэлхийн аврага болбол мань эр амьдраад л явчихана байна шүү дээ.

-Хүүхдүүд чинь аавынхаа номыг уншиж л хүмүүжиж, амьдралд хөл тавьж байгаа байх даа. Танайх ингэхэд хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр охинтой. Нэг нь дунд сургуульд сурч байна, нөгөө нь сая дээд сургууль төгссөн.

-Манайхан нэг үеэ бодвол хүүхдүүдийнхээ боловсролд их анхаарах болсон. Томчууд буюу амьдралын боломжтой хүмүүс нь гадагшаа явуулж боловсрол эзэмшүүлэх болсон. Та хүүхдүүдийнхээ боловсролд хэр анхаарч байна?
-Манай том СЭЗДС-ийг төгссөн. Асуудал ер нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг юм даа. Юм сурахааргүй хүнийг шал сонирхолгүй газар аваачиж тавиад, хаана ч юм сурахгүй. Ямартаа л Харвард төгссөн коммунист байхав дээ. Үнэндээцаанаасаа сурах хүнийг муу сургалтын систем ч эвдэж чаддаггүй юм. 

-Та нэг номондоо их оройтож буюу 30 хүрч гэр бүл болсон тухайгаа дурьдаад энэ нь ч уншиж, боловсрох боломж олгосон гэж бичсэн байсан. Ер нь гэр бүлтэй болсноор таны амьдралд хандах хандлага, эрх чөлөөний талаарх бодол чинь яаж өөрчлөгдсөн бэ?
-Хэн ч гэсэн хүний ертөнцийн хуулиар хамтын, гэр бүлийн амьдрал зохиодог. Тэрэнд амьтны зөнгөөрөө хамаагүй эрт орох юм бол, ялангуяа сурч мэдэх гэж байгаа хүнд их төвөгтэй шүү дээ. Гэхдээ сурч мэдэхийн тулд хүн амьдардаг ч юм биш. Өөртөө зав гаргах гэж байгаа бол жаахан хүлээ гэж хэлэх гэсэн санаа шүү дээ. Өөр зорилго байгаа бол тэрэнд чинь саад болно, тийм учраас ганц бие байхдаа сурч мэдэхэд цаг гарга гэсэн үг. Яагаад гэвэл гэр бүлтэй болсноор тэр бүхэн хязгаарлагдмал болчихдог юм. Тийм л юм ярьсан болохоос хөгширтлөө нөхөрт битгий гар гэж хэлээгүй шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй байхаас бас их зүйл шалтгаална. Эмэгтэй бол бушуухан суучихсан нь дээр.

-Яагаад?
-Сүүлд нь нөхөр олдохгүй шүү дээ. Судалгаагаар Улаанбаатарт 26-45 насны 60 мянган өрх толгойлсон, өрөөр хэлбэл ганц бие эмэгтэй байна гэсэн тооцоо гарсан байна лээ. Том тоо байгаа биз. Ихэнхи нь дээд мэргэжилтэй. 26 гэдэг чинь нөхөрт гарах нас болчихсон, 45 гэдэг чинь бэлгийн амьдралтайгаа байгаа гэсэн үг шүү дээ. Ихэнхи нь дээд боловсролтой гэж байгаа юм. Яагаад гэвэл эмэгтэй хүн өөрөөсөө өндөр боловсролтой хүнтэй суухыг тэмүүлдэг. Гэтэл тэр насны ганц бие эрчүүл нь чааваас амьтад. Тэднийг тэжээхийн оронд нохой тэжээсэн нь дээр бололтой. Нөгөөдөх нь хүний мөнгөөр хооллоод зогсохгүй нэмж зодно.

-Жендерийн тухай асуудлаар эр, эм хүмүүс гэр бүлийнхээ өмнө тэгш үүрэг хүлээнэ, заавал эрэгтэй нь гэр орноо тэжээж, эмэгтэй нь тэжээлгэх албагүй, хэн чадалтай нь чаддаг зүйлээ хийж амьдрах хэрэгтэй гээд л ярьдаг. Эрэгтэй нь амьдралаа авч явах ёстой гэсэн үзлээс олон эрчүүд депресст өртөж, архинд ордог гэнэ л дээ.
-Манайд гэр бүлийн судалгаа хийвэл сонин сонин дүгнэлт гарах юм билээ. Улаанбаатарын ихэнхи гэр бүлийн эмэгтэйнх нь орлого илүү өндөр байна гэсэн дүн гарсан гэсэн. Дээр Канадын элчин надаас “Яагаад танайд жендерийн асуудал нөгөө тийшээ хэлбийчихсэн юм бэ?” гэж асуусан юм. Тэгэхээр нь би “Манай эмэгтэйчүүдийн 90 хувь нь нормаль, эрчүүдийн 90 хувь нь тэнэг байдаг юм. Тэгээд ингээд алдагдчихдаг юм” гэж би хариулсан юм.

-Анх гэргийн тань юу таньд хамгийн их таалагдаж байсан бэ? Ер нь та эмэгтэйчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Хүн насаараа амьдрах хүнтэйгээ ижил сонирхолтой байх ёстой. Сонирхол зөрчилдөгөөс салалт их үүддэг байхаа. Нэг нь зураач, нөгөө нь огт тийм юм сонирхдоггүй бол хамтын сонирхолгүйгээр тэр олон жилийг яаж давна?

-Таны амьдралын зорилго юу вэ?
-Зүгээр л амьдрах. Чи бод доо, ямар зорилго тавьж яах гээд байгаа юм. Дэлхий дээр зургаан тэрбум хүн байна, аз жаргалтай сайхан амьдрах л зорилготой байгаа биз дээ. Эсвэл чамд бусдынхаас тусгай, онцгой зорилго байна уу? Зүгээр сайхан амьдраад, нийгмийнхээ дунд өөрийн байр суурийг эзэлж амьдрах нь хүний хамгийн том зорилго шүү дээ. Гэхдээ залуу хүн өмнөө сайхан зорилго тавиад, биелэхгүй ч гэсэн түүнийхээ төлөө амьдрах сайхан л даа. Саран дээр бууж үзэх юмсан гэж зорилго тавиад, тэр нь үл гүйцэлдэх ч гэсэн ингэж зорилго тавих нь зөв л дөө. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрах сайхан шүү дээ.

-Ихэнхи хүмүүс амьдралдаа нэг биш удаа би яг юуны төлөө, яах гэж ингэж яваад байгаа юм бол, амьдралын утга учир нь юундаа байна вэ гэх асуулттай тулгардаг тэрнээсээ болоод хямралд орж, сэтгэл санаа нь цочирдож…
-Наад асуултанд чинь сайхан гарц бий дээ. Нэг алд олс олоод дүүжлээд л үхчихнэ биз. Ядаад байх юу байнаа. Оросын “Зачем ты меня родила мама” гэдэг дуу байдаг шүү дээ.

-Амьдрал, цаг хугацаа Баабар гэдэг хувь хүнийг хэр их мөлийлгөж, сургаж байгаа бол?
-Бүх хүнтэй л адилхан шүү дээ. Хүн чинь амьдрах тусмаа сургамж, туршлага олж авдаг. Амьдрал гэдэг тэр аяараа сургамж, туршлага шүү дээ. Сургамж, туршлагагүй учраас залуу хүн аливаад их зоригтой ханддаг. Сургамж, туршлагатай болох тусмаа, насжих тусмаа хашир болдог. Гэтэл хүний амьдралд зоримог байдал, туршлага хоёулаа хэрэгтэй. Тийм учраас залуу улсуудаас гэнэтийн, тэсэрсэн, хүчирхэг юмнууд гардаг. Шинжлэх ухааны нээлтүүд хүртэл ихэнхи нь залуу хүнээс гардаг. Математикийн нээлтүүдийг ихэвчлэн 20-иос доош насныхан хийсэн байдаг. Физикт ухаа нь 30 нас хүрсэн бол хөгширсөн гэж үздэг. Эйнштейн харьцангуйн онолоо 25 настайдаа нээсэн шүү дээ. Тэнд нэг эрч хүч яваад байгаа биз? Туршлага хуримтлагдаад ирэхээрээ юманд их болгоомжтой, хэт хашир болоод эхэлдэг. Энэ бол хүний л амьдрал. Би тэрнээс гажсан юм байхгүй.

-Мөнгө таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Мөнгө маш чухал эд дээ. Хүнд тулгарч байгаа проблемийн 70 хувийг мөнгө л шийднэ. Гэхдээ мөнгөний шийдэж чаддаггүй зөндөө юм байна, бас. Хайр дурлалаас авахуулаад хүний сайхан сэтгэл, аз шовойх энэ тэрийг мөнгөөр шийдэхгүй. Гэхдээ мөнгө маш их юм шийднэ. Нөгөө талаас  бурханы сургаальд хүртэл байдаг, чинээлэг, бэл бэнчинтэй байж буян хийнэ шүү гэдэг. Цоорхой оймстой, солих өмдгүй хүн буян хийнэ гэж байхгүй. Зарим нь мөнгийг нэг их үгүйсгэдэг юм, зарим нь мөнгийг хэтэрхий бурханчилдаг. Аль аль өнцгөөс нь харах хэрэгтэй.

-Хүний хэтэвч рүү өнгийх бүдүүлэг ч гэлээ хэрвээ нууц биш бол та хэр баян хүн бэ? 
-Би Монголын зах зээлд 600 мянган ном борлуулсан. Тэгээд л бод. Зүгээр борлуулаад, худалдчихсан 600 мянган ширхэг ном байна. Нэг номноос нэг төгрөг олсон гэж бодохоор 600 мянган төгрөгтэй байх нь ээ дээ. Дээр нь би гадаадад өчнөөн ном хэвлүүлсэн. Чиний яриад байгаа “Дори идэр дүүдээ” нийт таван удаагийн хэвлэлтээр 40 мянган хувь борлогдсон.

-Орчин үед дэлхийн баячуудыг хэтэвчнийх нь хэмжээгээр биш нийгэмдээ хандаж хэр буяны үйл хийж байгаагаар хэмждэг болсон байна лээ. Тэр хэмжүүрээр авч үзвэл та олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Би чамд Бодь мөрийн зэрэг ном дурсгая. Энэ бол Буддын сургааль. Энэ ном 1402 онд бичигдэж, 1640 онд монгол хэлээр орчуулагдаж. Монгол хэл өнгөрсөн хугацаанд их өөрчлөгдөөд хүн ойлгохын аргагүй болчихож. Тиймээс бид нар үүнийг таван хэлэнд тулгаж байж орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлсэн юм. Их хөдөлмөр зарсан л даа. Тэгээд манай “Гэгээрэлд хүрэх сан” үүнийг 100 мянган ширхэгийг хэвлүүлж, үнэгүй тараасан. Ийм байна. Би өөрөө гурван жилийн өмнө айхтар өвдөж, энэ номыг уншиж босож, сэхэж ирсэн юм. Энэ ном Монголын өрх болгонд очих ёстой. Нийт 600 мянган өрх байгаа, тэр тоогоор хэвлүүлнэ. Энд асар их мөнгө орно. Гэхдээ өөр улсууд надад тусалдаг. Чи сэтгүүлдээ энэ номонд нэг хуудас зориулаач. Гэхдээ буян хийхдээ хөөрөөд л, рекламдаад байдаггүй юм шүү дээ. Хүмүүст хэрэгтэй гэдэг талаас нь мэдээлэл өг. Үүнийг бид нар олсон орлогоосоо л хийдэг. Хүн мөнгөтэй болоод өдөрт гурван тогоо хоол идэхгүй шүү дээ. Хүнд өгөгдсөн хэмжээ гэж байна, идэх хоол, өмсөх хувцас. Секс гоё л доо, гэхдээ өдөрт 15 удаа хийдэггүй биз дээ. Илүү гарснаараа буян хийх хэрэгтэй. Гэхдээ тэр нь бурхантай хийж буй наймаа маягаар биш шүү. Эсвэл олон түмэнд нэр төр олох зорилго агуулбал биш болоод л явчихана.

-Та ямар шүтлэгтэй вэ?
-Би шүтлэггүй. Миний үеийнхэн бүгд тийм. Шашингүй үзлээр хүмүүжсэн.

-Би таныг Христийн шүтлэгтэй болов уу гэж анзаарч байсан..
-Хаана, юу яасан Христ? Үгүй, ер нь би христчин байж болно шүү дээ. Лал ч байж болно. Ямар шашин шүтэх нь хувь хүний хэрэг. Хүн шүтлэггүй ч байх эрхтэй. Би бол шүтлэггүй хүн. Миний үеийнхэн бүгд шүтлэггүй. Хэдэн зальхайнууд нь харин лам болчихсон явж байгаа байх. Одоогийн лам нар дотор хуучин намын үүрийн дарга нар байсан амьтад олон байдаг юм. Эсвэл дотоод яамны офицер, мэдээлэгч. Миний үеийнхэн шүтлэгтэй гэхээр би итгэдэггүй юм. 

-Та номондоо Бурхан гэж олонтаа дурдсан байдаг..
-Бурханыг үгүйсгэх муухай. Христийн шашныг ойлгохгүйгээр, Библийг уншихгүйгээр орчин үеийн ертөнцийг ойлгох ч үгүй. Заавал Библи унш. Тэгж байж л үгүйдээ тэр да Винчигийн зурсан зургуудыг ойлгоно. Нэг л алга тавхай нь цоорчихсон шалдан хүнийг тойрсон хүмүүсийн зураг байгаад байдаг, тэрийг сонгодог гээд байх, ямар учиртайг ойлгохгүйгээр сонгодгийг нь яаж мэдрэх юм бэ?. Өнөөгийн ертөнцийг Библийг уншихгүйгээр яаж ойлгох юм бэ? Энэ бол боловсролтой хүний мэдэж байх ёстой зүйл шүү. Гэхдээ боловсролтой гээд сүмд очоод загалмайлаад суух тухай яриагүй байна. Энэ бол тусдаа асуудал. Би Библийн талаар гайгүй сайн ойлголттой, цэгцтэй мэдлэгтэй. Гэхдээ шүтлэггүй. Шүтлэггүй гэж бахархаад байгаа юм биш. Тийм л үед өсөж, хүмүүжсэн.             

-Хүн бүрт л өөрийн эрхэмлэх үнэт зүйл, нандигнах юм байдаг. Таны хувьд тэр нь юу вэ?
Хүн болгон үхнэ. Үхлээс хэн ч зугтааж чадахгүй. Магадгүй амьдрал бол үхлийн бэлтгэл байх. Үхэл гэдэг бол амьдралын эцсийн дүн тавих шалгуур. Энэ шалгалтанд хүн тэнцэх ёстой гэж боддог. Мөнгө, хоол хүний амьдралд маш чухал л даа. Гэхдээ хоолны төлөө адгийн шаар болж болохгүй гэж боддог юм. Хулгай, дээрэм залилан гээд аль ч үед, аль ч нийгэмд, ерөөсөө хүний орчлонд үл зөвшөөрдөг юмтай орооцолдож болохгүй. Хүн амьдралаа зөв өнгөрөөх л ёстой. Бодь мөрийн зэрэгт энэ тухай их тодорхой бичсэн байгаа. Хүмүүсийн дэндүү олонхи нь зөв амьдардаг юм шүү дээ. Бүгдээрээ Бодь мөрийн зэрэг уншаасай. Өөрийнхөө зөв амьдарч байгааг тэндээс олж мэдээд сэтгэл сайхан болно шүү.

-Та эр хүний хувьд юугаар гангардаг вэ? Ер нь жинхэнэ эр хүн гэж хэнийг хэлэх вэ? Юу тэднийг чимдэг юм бол?
-За наадах чинь шал гурай асуулт байна даа. Хүн өөрийнхөөрөө байх л сайхан шүү дээ. Өөрийг нь юу чимж байна гэж бодно тэрүүгээрээ л чимэг. Зарим нь морь, зарим нь хөөрөг, зарим нь хувцас, зарим нь мэдлэг гээд л. Хүүхэн болгон нөхрөө, хүүхэд болгон аавыгаа жинхэнэ эр хүн л гэж бодож байгаа. Тэдний бүгдийнх нь зөв. Тэгэхээр яс тодорхойлолт байхгүй байгаа биз?

Иргэний холбооны ерөнхийлөгч Д.Энхбат

Одоогоос 17 жилийн өмнө ялсан хувьсгал, 15 жилийн өмнө баталсан шинэ Үндсэн хуулийн үр дүнд иргэд бид ардчилал, эрх чөлөөний үнэ цэнийг мэддэг болсон билээ. Хувийн өмч, зах зээлийн харилцаа бодит зүйл болж, бид аж ахуйгаа хөтөлж, наймаа хийж, өрсөлдөж, ихийг санаачлан бүтээж ирлээ. Монгол Улс дэлхийг дахин таньж, дэлхий ч биднийг дахин, цоо шинээр мэддэг боллоо. Байгалийн их баялаг, нийгмийн ардчилсан, нээлттэй тогтолцоо, гадаад таатай нөхцөл байдал нь Монгол Улсыг эрчимтэй хөгжих бололцоотой улс орнуудын нэг болгож байна. Угтан авах боломж, урагшлах сайхан ирээдүйдээ бид өнөөг хүртэл итгэж ирсэн билээ. Харин өнөөдөр бид, ардчилал, эрх чөлөөгөө хэр хамгаалж, хэр тордон хөгжүүлж ирж вэ гэж өөрсдөөсөө дахин асуух хэрэгтэй боллоо.

Яагаад гэвэл

Монгол хүн Монголдоо тайван, сэтгэл хангалуун амьдрах орчин улам бүр багасч, иргэд, залуучууд боломж л таарвал гадаадад дүрвэн гарах хүсэлтэй боллоо. Орон нутгийн иргэд нутаг усандаа хавчигдаж, уух ус нь хүртэл аминд эрсдэлтэй болж байхад хот сууринд ажил хийх боломж нь гадныханд, харин архи уух зам нь бидэнд үлдэх боллоо. Газар нутгийн баялаг, мянган жилийн тэмцлийн түүхээрээ олж авсан амьдрах орон зайгаа хуйвалдан худалдаж, улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, тусгаар тогтнолоо үл тоомсорлох болов. Өөрсдийн амьдрал, улс орныхоо ирээдүйн төлөө сонголт хийх эрх чөлөөгөө мөнгөөр үнэлж, мөнгө, архидалт, булхайн сонгууль хийх болсоор удлаа. Эрх баригчид гурван жилийн турш хулгай хийж, улс орныг туйлдуулаад, сонгуулийн сүүлчийн жил бүрт хамгийн сайхан ааштай, хамгийн өгөөмөр дүр эсгэх жүжгээ тавих нь ёс мэт болоод байна. өнөөдөр энэ жүжиг яаж эхэлж байгааг бид дахин харж байна. Энэ бүхэн бидний төсөөлж мөрөөдөж ирсэн ардчилал, эрх чөлөө мөн гэж үү? Авилгал, ядуурал, байгаль, экологийн гамшиг, ашигт малтмалын луйвар, улстөрчдийн урвалт, хуйвалдаан энэ бүгд бидний хүсч буй Монгол Улсын маань дүр зураг мөн гэж үү? Өнөөдөр бид эргэцүүлэн бодож, хариуцлагаа ухаарч, иргэний сонголтоо хийх цаг болоод байна.

Өнөөгийн хямрал, бидний дүгнэлт

Өнөөгийн хямралын үндсэн шалтгаан нь төр, намуудын үйл ажиллагаатай нэн түрүүнд холбогдох боловч иргэд бид эрхээ эдлэн оролцож, эрх баригч түшмэд, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж сураагүй, хяналтын механизмыг бүрдүүлж чадаагүйтэй холбоотой. Хяналтыг зөвхөн сөрөг хүчнээр ойлгодог цаг нэгэнт хуучиржээ. Бид төрийн байгууллагуудын системийг хэт том, дотроо саланги, уялдаагүй, дотоод болон нийгмийн аливаа хяналтаас ангид байгуулсан нь зарчмын алдааны эхлэл байжээ. Үүний улмаас улс төрийн намууд нь гишүүдийнхээ хяналтаас, төр нь иргэдийн хяналтаас гарч, төрийн албыг арилжааны зарчимд шилжүүлэх, гэмт хэрэг, улс төр, бизнесийн хүрээний зааг ялгааг алга болгох үндсэн нөхцлийг бүрдүүлжээ. Хэрэв иргэдийн хяналт байхгүй бол төр засаг болон эрх баригчид яаж дураараа туйлдгийг бид нүдээрээ харж, амьдралаараа туулж байна. Ардчилал Монголын нийгмийн бүхий л салбарт эрс шинэчлэл, өөрчлөлтийг авчирсан ч нийгмийн амьдралын хамгийн чухал институтын нэг болох улс төрийн намуудын бүтэц, үйл ажиллагааг нээлттэй болгож чадсангүй. Улс төрийн намууд нь манай нийгмийн хамгийн хаалттай, ил тод бус институт болчихжээ. Намууд нь хууль болон гишүүдийн хяналтаас гадуур эрх мэдэлд хүрэх зам болж байгаагаас болоод авилгал, хуйвалдааны аюулд хамгийн их эрсдэж байна. Бодит ардчиллын тулгуур зарчмууд, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд харш, нам төвтэй тогтолцоог хадгалж, амьдруулоаар байгаа нь эрх мэдэлд шунасан гэмт бүлэглэлүүдийн нуугдах орчин болж байна. Монгол бол ядуу орон биш билээ. Харин Монгол бол замбараагүй учир ядуурсан орон юм. Бид ёс суртахуун, улс үндэстнийхээ эрх ашиг, хуулиа дээдэлдэггүй, замбараагүй орон болжээ. Хууль цаазаас дээгүүр хэн ч байх ёсгүй гэж тэртээ 800 жилийн өмнө эзэн Чингэс хаан тунхаглаж байсан нь хүчирхэг Монгол улсыг байгуулсан гол нууц байсныг бид мартсан байна. Чингэс хаанаас ч илүү эрх дархтай, хуулиас дээгүүр орших олон арван түшмэд, нам, бүлэглэл өнөөгийн Монголын доройтол, замбараагүйтлийн гол учир шалтгааны нэг юм. Дүгнэн хэлбэл, Монголд өнөөдөр ёс суртахуун, засаглалын хямрал нэн даамжирч, замбараагүй байдал ихэсч, төр бизнесийн цөөнхийн бүлгийн дарангуйлал тогтоохыг хүсэгчид улам хүчирхэг болж байна. Тэд хуулийн сул систем, төрийн хяналтгүй тогтолцоо, иргэдийн сул оролцоог хүсч байна. Бид яаж тэмцэх вэ, ямар гарц байна гэж олон нийт асууж байна. Иргэн төвтэй, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж бид Үндсэн хуульдаа заасан билээ. Бид хийсэн сонголтондоо үнэнч байж, энэ заалтыг туйлбартай хэрэгжүүлэх нь өнөөгийн улс төр, засаглалын хямралыг давах гол гарц юм. Тиймээс 15 жилийн өмнө хийсэн түүхэн сонголтоо эргэн санаж, хүсэл зоригоо нэгтгэн, хамтран тэмцэж чадвал бид Монголдоо сайхан амьдралыг бүтээх болно. Харин үүнийг эс ухварч, дуугай байх нь тэднийг чимээгүй зөвшөөрсөн гэсэн үг бөгөөд хариуцлагаас татгалзсан бидний хамгийн муу сонголт байх болно. Иргэний холбоог санаагчлагч бидний олонхи ч гэсэн өнөөдрийг хүртэл зөвхөн ийм л замыг сонгож ирснээ хүлээх ёстой. Харин өнөөдөр бид шинэ сонголтоо хийлээ. Авилгал, хүнд суртал, дарангуйллыг дан ганц зөв санаа, хэдэн зөв хүн дийлэхгүй. Хар хүчийг зөвхөн түүнээс том цагаан хүч л давж гарна. Зөв үзэл санаа, зөв зохион байгуулалт, иргэн бүрийн оролцоо энэ бол бидний хүч юм. Энэ бол шийдэл, бидний явах зам, нийгэмдээ хийх шинэчлэлийн эхлэл юм. Иймд иргэд бид өнөөдөр Иргэний Тунхагаа батлан, зохион байгуулалтад орж энэ зөв хүчийг үүсгэн тэмцэхээр сонголтоо хийж байна.

Бид хэн бэ?

Улс төр, нийгмийн байдалд шүүмжлэлтэй ханддаг зуу гаруй иргэд, сэхээтнүүдийн мэтгэлцээн, хэлэлцүүлгээс холбоо маань төрж гарсан. Олон сайхан санаа, шийдэл гарсан ч үүнийг чинь тэгээд хэн хийх юм бэ гэсэн энгийн асуултын хариу нь Иргэний холбоо өөрөө байсан юм. өнөөдөр бид мянгуулаа боллоо. Иргэний холбооны эрхэм зорилго нь намын ашиг сонирхол ноёлсон Монголын нийгмийн өнөөгийн тогтолцоог иргэний эрх ашиг давамгайлсан тогтолцоогоор солих явдал юм. Бид Иргэний Холбоог байгуулахдаа иргэдийн өргөн оролцоонд тулгуурласан, эрх баригчид болон төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэний хяналт тогтоох, иргэдийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутгийн ардчиллыг хөгжүүлэх иргэний улс төрийн байгууллага болгох зорилт тавьж байна. “Монголдоо сайхан амьдаръя” энэ бол бидний уриалал, бид бүхний хүсэл мөрөөдлийн үг юм. Бид ганц нэгээрээ, эсвэл зөвхөн хэсэг бүлгээрээ Монголдоо сайхан амьдрах боломжгүй билээ. Иргэн нэг бүрт нээлттэй байж, хүн бүрт хичээн зүтгэх боломж олгосон, нийгмийн шударга тогтолцоог бүрдүүлсэн цагт л бид бүгдэд Монголдоо сайхан амьдрах үүд хаалга нээгдэнэ. Үүнийг хийж эс чадваас,
Та хичнээн их мөнгөтэй ч хорт утаагаар амьсгалж, хогондоо дарагдсан хотод амьдралаа өнгөрөөх болно.
Та хэчнээн их мөнгөтэй ч үр хүүхдийнхээ өнөө, болон ирээдүйд байнга санаа зовон явах болно.
Та хэчнээн их мөнгөтэй ч улс төрийн гэмт бүлэглэлийн далд дарамт дор амьдрах болно. Хэрэв та мөнгөгүй бол Монгол нутагтаа гадуурхагдан, харийн хүнээс дорд үзэгдэн, амь зогоон явах болно. Үүнийг бид хүсэхгүй байгаа. Гэхдээ бид үүнийг чимээгүй зөвшөөрч, тус бүртээ л өөрийн амьдралаа аргалчихна гэсэн богино бодолтой амьдарсаар байна. Би улс төрд оролцоогүй, надад хамаагүй гэж хэн нэгэн хэлж болох боловч авилгач, хүнд сурталтнуудад өөрийнхөө, улс орныхоо амьдралыг шийдэх эрхийг даатган өгч байгаагаа мартдаг. Бидний ийм чимээгүй дэмжлэг л тэдний амьдрах орчинг бүрдүүлдэг. Ийм цаг үед иргэний сонголтоо хийлгүй, нийтийн үйл хэрэгт оролцохгүй явах нь өөрөө хамгийн муу сонголт болох юм.

Монголдоо сайхан амьдарна гэж бид юуг хэлж байна вэ?

Бид тунгалаг, хариуцлагатай төртэй, шударга шүүхтэй, байгалийн баялгаа харилцан ашигтайгаар хамтран ашиглах чадвартай, үйлдвэрлэл, аж ахуйгаа хөгжүүлсэн, байгаль дэлхийгээ хамгаалсан, сайхан хөдөө, сайхан хотууд бүхий улс болмоор байна. Хот суурин газарт амьдардаг айл өрх бүр өөрийн орон сууцтай, хөдөө нутгийн малчид өөрийн бэлчээр, эдлэнтэй болж, орон нутагтаа эзэн нь байж, нутаг ус, хот, гудамжаа хэрхэн хөгжүүлэх, цэцэрлэг, сургууль, дэлгүүр, үйлчилгээгээ яаж авч явахаа бид өөрсдөө шийддэг болмоор байна. Хүн бүр, айл гэр бүхэн өөрийн ажил, орлоготой байхыг хүсч байна. Хүн бүрийг ажлын байртай болгох нь Монголдоо сайхан амьдрахын гол баталгаа юм. үүнийг гардан хийж, нэг, хоёр, олон арван хүнийг ажлын байртай болгож буй хүмүүс бол манай нийгмийн манлайлагч иргэд гэдгийг бид ойлгож байна. Монгол Улс зөвхөн нийгэм, төр, бизнесийн манлайлагчиддаа тулгуурлан хөгжиж чадна. Бид оюунлаг, шударга, эх оронч хүмүүсээ тойрч, бүгдийг оролцуулах замаар л амжилтад хүрч чадна. Энэ бүгд бол бидний хүсэл эрмэлзлэл юм.

Бид юу хийх вэ?

Иргэний холбоо үйл ажиллагаагаа дараах 3 чиглэлд төвлөрүүлэн явуулна. Бид байгууллагаа байнгын үйл ажиллагаатай, орон нутагт салбар нэгжтэй, үндэсний хэмжээний, иргэний оролцооны сүлжээ болгоно. Нийгмийг хямралаас гаргаж, бодит ардчиллыг бэхжүүлэх Иргэний Хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ. Улс төр, нийгмийн өдөр тутмын амьдралд шуурхай дүгнэлт өгч, иргэдийн эрх ашиг, ардчилал, шударга ёсыг хамгаалсан үйл ажиллагааг байнга явуулна. “Өөрөөсөө бусад бүх зүйлийг өөрчлөх гэсэн хүн юуг ч өөрчилж чаддаггүй” гэсэн мэргэн үг байдаг. Хэрэв бид их үйлс бүтээхийг зорьж байгаа бол, хэрэв бид шударга, эрүүл нийгмийг хүсч байгаа юм бол анхнаасаа ёс суртахууны хувьд цэвэр, үйл ажиллагааны шударга зарчимтай байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Тиймээс цаашдаа бид ёс суртахууны зарчим, бидний сэтгэлгээний үнэт зүйлсийг багтаасан ёс зүйн дүрэм боловсруулан чанд сахин ажиллах болно. Иргэний холбоо нь иргэдийн өөрсдийн санаачлага дээр үндэслэн байгуулагдсан, удирдлагаа ардчилсан сонгуулиар сонгодог, орон нутаг, сонирхлын бүлгийн хүрээнд үйл ажиллагаагаа бие даан явуулах чадвартай нэгжүүдийн сүлжээ хэлбэрийн зохион байгуулалттай байна. Иргэний холбоо нь идэвхтнүүдээ бэлтгэх, орон нутгийн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сургалтын нэгдсэн тогтолцоог байгуулж, хууль, засаглал, улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны асуудлуудаар шүүмж, дүгнэлт гаргаж, төрийн байгууллагууд, улс төрийн намуудад шаардлага хүргүүлэх, ярилцлага, цуглаан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн сувгаар өөрийн байр сууриа илэрхийлэн ажиллах болно. Бид Монголын улс төрийг цэвэр байлгаж, шударга, эх оронч, чадвартай хүмүүсийг төрд ажиллуулах, улс төрд оролцуулахын төлөө ажиллана. Бид ирэх сонгуулиудад хүчтэй нөлөөлж, иргэний нийгмийн манлайлагчид, дэвшилтэт улс төрчидийг дэмжиж ажиллах болно. Иргэний хөтөлбөр нь манай Холбооны үйл ажиллагааны программын баримт байх болно. Иргэний хөтөлбөрийн үзэл санааг тусгасан Иргэний Тунхагийг бид та бүхэнд урьдчилан тараасан билээ. Иргэний холбоо өөрийн санхүүжилтийг нийтэд ил тод, нээлттэй байлгаж, аливаа нэг улс төрийн нам, бүлэглэлийн төлөө ажиллахгүй. Бид хөдөлмөр, зүтгэлээрээ амь зууж, гэр бүл, газар нутаг, эх орныхоо төлөө ихэд санаа зовж байгаа ч, Монголдоо сайхан амьдрах хүслээ гээлгүй яваа мянга мянган иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах болно. Монголын Иргэний холбоо ийм л байгууллага байна. Иргэд ээ, Монголд иргэний ардчиллын шинэ давалгааг эхлүүлэх цаг болжээ. Өнөөдөр манай улс төрийн байдал тун эгзэгтэй байна. ёс суртахуун, засаглалын хямрал улам даамжирч, замбараагүй байдал ихсэх тутам дарангуйллыг хүсэгчид улам сайхан ярьж, улам ихийг амалж эхэлж байна. Тэдэнтэй тэмцэх нь маш хэцүү ч та бид ялна. Яагаад гэвэл бид үнэн зөв үзэл санаатай, тэднээс илүү зохион байгуулалттай байж чадна. Бид тэдний бодож байгаа шиг харанхуй, хариуцлагагүй биш ээ. Өнөөдрөөс эхлэн бид үзэл санаагаа хөгжүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын хүчирхэг сүлжээг үүсгэх хэрэгтэй болж байна. Бид Монголын бүх дэвшилтэт хүчийг нэгтгэсэн, эрүүл саруул, нээлттэй, иргэний улс төрийн тэргүүлэх хүчийг бий болгох хэрэгтэй болж байна. Шударгаар амьдарч, өөрийнхөө төлөө, гэр бүл, улс орныхоо төлөө бидэнтэй хамтдаа тэмцэх хүсэлтэй, оюунлаг, эх оронч хүмүүс мянга мянгаараа байгаа гэдэг огтхон ч эргэлзэхгүй байна. Монгол Улсын эзэд нь та бид билээ. Иргэд бид оролцоогүй, хамтдаа тэмцээгүй цагт Монголд иргэний ардчилал, шударга ёс тогтохгүй. Иргэд бид өөрсдөө орохгүйгээр ёс зүйгүй улс төрчид, эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцож чадахгүй. Оролцоогүй үед зөвхөн гэртээ шүүмжилж суух л сонголт үлдэнэ. Энэ бол бидний зам биш ээ. Монголын хөх яргуйг бид бэлгэдлээ болгон авсан билээ. Хөх яргуй бол ирж буй урин дулаан цагийн дохио. Хөх яргуй цасан дороос урган гарч байгаа нь авилгал, хүнд суртлын хөлдүү тогтолцоог эвдэн ялж буй иргэн хүний тэмцэлтэй адил юм. Монгол нутагт цас ханзран яргуй дэлгэрч, урин цаг эхэлдэг билээ. Монголын иргэн бүр оролцсоноор Монголдоо сайхан цагийг авчирна. Бид оролцоно. Сайхан амьдралаа өөрсдөө бүтээе. Монголдоо сайхан амьдарья. Та бид хамтдаа чадна.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Би хүссэн болгоноо авах мөнгөгүй тул буй байдалдаа зохицсон зүйл хүсдэг

Улс төрч, бизнесмэн, урлаг спортын одод гээд улсад хийсэн юмтай, хэлэх үгтэй хүндлэл хүлээсэн олны танил хүмүүстэй чөлөөт сэдвээр ярилцах зорилготой энэхүү булан маань уншигч танд таалагдана гэж найдаж байна. Манай анхны зочноор УИХ-ын гишүүн Р.Гончигдорж уригдлаа. Тэрээр МУИС-ийн багш байхдаа ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж, анхны дэд ерөнхийлөгч, УИХ-ын дарга, АН-ын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан юм.

Би “Бөөрөнхий” нэрэндээ дуртай

-Таны өдий хүрсэн амьдралын замналын хамгийн оргил үе нь хэзээ байсан бэ?
-Хүн болгон л дандаа оргил үедээ явдаг. Өөрийнхөө хувьд оргил үедээ явж байна уу, олон түмний дунд оргилд нь явж байна уу гэдгээрээ ялгардаг байх. Монгол улсынхаа хөгжлийн оргил үе рүү явах тэр мацаанд нь тус дэм болж яваа гэж өөрийгөө үнэлдэг. Монгол улсын хувьд хөгжлийн оргил үе урд байна. Хөгжлийн бэрхшээлтэй үеэ хойноо үлдээсэн гэж боддог. Улс төрчийнхөө хувьд үйл ажиллагаандаа илүү сэтгэл хангалуун байсан үеүдээ оргил хэсэг минь гэж хэлж болох юм. Энэ бол миний анх улс төрд орж, 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож, үр дүн нь надад хамгийн их таалагдсан тэр үйл явц бол гарцаагүй мөн. МУИС-ийн багш залуу санаа нийлсэн нөхдийнхөө хамт нам байгуулж, тухайн үеийн нам төртэй яриа хэлэлцээрт орж, хатуу ширүүн замаар биш, зөөлөн замаар шийдвэрлэсэн нь миний зан араншин, нөхдийн минь үзэл бодолтой яв цав нийцэж байсан юм. Нэг ч хүний хамраас цус гаргалгүй, ганц ч цонх хагалалгүй ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн нь миний амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж боддог.
-Улс төрчийн хувьд таныг “Бөөрөнхий” гэж дүгнэдэг хүн олон байдаг байх?
-Тийм ээ, би энэ хоч, нэрэндээ дуртай байдаг. Аливаа зүйлийг хурц ирмэгээр нь тавьж асуудал үүсгэх нь тийм ч таатай үр дүн авчрахгүй. Нэгэнт л улс төрийн харилцаа байр суурийн ялгаа үүсгэдэг учраас тэр ялгаан дээрээ тоглох биш, нийтлэг зүйлээ нэгтгэх нь чухал. Энэ бол миний улс төрийн харилцааны тактик. Тэр маань ерэн оны хувьсгал тайван замаар ялахад чухал үүрэгтэй байсан гэдгийг би өөрөө мэдэрдэг.
-Тухайн үед та айж байсан уу?
-Айх гэдэг бол үл итгэхээс үүддэг гэж би ойлгодог. Тухайн үед би ардчилсан хувьсгал ялна гэдэгт итгэлтэй байсан учраас айгаагүй. Эмзэглэж болгоомжилж байсан зүйлүүд бол бий. Айна гэдэг бол ухралт гэж би боддог. Тэр үед монголын ард түмэн нийтээрээ ардчиллын үндсэн агуулга болох нэг намын тоталитари дэглэмээс салах ёстой, хүний эрх, эрх чөлөө дээдлэгдэх ёстой, хүн шиг амьдарч, эрх чөлөөгөө эдлэх ёстой гэсэн үзэл санаатай байсан болохоор миний айгаагүйн бас нэг шалтгаан. Олон түмний энэ хандлага бүхэлдээ миний ар талд байсан болохоор айх шаардлагагүй байжээ.
-Таны эрч хүчийг барсан, стресст оруулсан асуудал олон тохиолдож байв уу?
-Стресс гэдэг асуудалд би бас л өөрөөр ханддаг л даа. Хүн өөрөө өөртөө л стрессийг бий болгодог. Түүнийг үүсгэж болох орчинд өөрөө тайван амгалан байж, тэр дундуур нэвтэрч гардаг чадвар эзэмших хэрэгтэй. Тэгж байж тэр нь үр дүн болж хувирдаг. Тэгэхгүй сэтгэл санааны дарамтад, элдвийн ачаалалд орох юм бол тэндээс ямар ч үр дүн олж харахгүй. Уншигчидтайгаа саналаа хуваалцахад, стрессийн шалтгааныг өөрөөсөө л хай. Өрөөлөөс хайгаад байх юм бол дандаа дарамтад ордог. Өөрөөсөө хайвал дандаа гарц олдог юм. Ийм байдлаар миний улс төрийн амьдрал өрнөсөн. УБХ-ын даргаар, анхны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхад улс төрийн цоо шинэ харилцааг эрх зүйт түвшинд нь зангидах хэрэг гарч байсан. Тухайн үед үзэл бодлын зөрөөтэй байр сууриуд, маргаантай маш олон асуудлууд байсан. Хэрэв би хямардаг, стресст ордог байсан бол тэр олон асуудлыг бага хурлын түвшинд шийдэх гол алхмуудыг удирдлагын түвшинд хэрэгжүүлж чадахгүй байсан болов уу. Хоёр талын нөхөд хэрүүл маргаан гаргаж, үзэл бодлын зөрөөгөөс болоод зөрчилдөөд байсан бол үүргээ биелүүлж, шинэ Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засгийн харилцааны гол гол хуулиудыг гарган, тэр үеийн улс төрийн шинэтгэлийн олон намын системийн эрх зүйн үндсийг тавьж чадахгүй байсан. Эдгээр асуудал хурц маргаантай, эмзэг байсан. Гэхдээ л тэр дундаас гаргалгаа хийж чаддаг байлаа. Энэ л үлгэр загвар өнөөдрийг хүртэл хадгалагдах ёстой гэж ойлгодог. Одоо бол янз бүрийн шинэ харилцаа үүсч байгаа тул тэр болгон өмнөх шигээ хандаад байж болохгүй болж дээ.
-Таны анхдагч алхам болгон араасаа юу дагуулдаг вэ?
-Анхны алхам, анхны сэдэл болгон мэдээж хэрэг дандаа сайхан үр дүнд хүрэхгүй л дээ. Анхны алхам хийлээ гэдгээ эцсийн алхамд хүрчихлээ гэж бодох юм бол алдаа оноогоо харж чадахгүйгээр нөхөж баршгүй эндэл гаргаж болзошгүй. Анхны алхмаа хэт огоорч, туйлширсаар муу үр дүнд хүргэхгүйн төлөө сэрэмжтэй үргэлжлүүлж байх нь чухал. Тэгэхээр миний анхны алхмууд хүрэх ёстой зөв үр дүнгээсээ хальж гараагүй.

Агуу хүмүүсээр бахархах нь миний мөрөөдлийг хөтөлж байсан

-Математикч хүний сэтгэхүй хуульч, түүхчийг бодвол илүү задарсан, хийсвэр дүгнэлт ихтэй байдаг болов уу?
-Би бусад мэргэжилтэй харьцуулж хэлмээргүй байна. Яагаад гэвэл би хуульч биш учраас тэр хуульчийн сэтгэхүй гэдэг надад танигдаагүй зүйл шүү дээ. Олон мэргэжлийн хүмүүстэй парламентын түвшинд харыдаж байхад янз бүрийн таамаглал бий болдог. “Математик бүх сэтгэлгээний суурь үндэс нь” гэж суутнуудын хэлсэн үг ч байдаг. Энэ суурь сэтгэхүй учир шалтгааны зөв дарааллыг бий болгож өгдөг. Нөгөө талаас урагшаа чиглэх хөдөлгөөн, сэтгэлгээний өргөн хүрээг олон хувилбараар гаргаж тавьж өгдөг. Нэг хошин яриа байдаг л даа. Англи руу хуралд оролцохоор Оросын гурван эрдэмтэн галт тэргээр явж байжээ. Нэг ньтүүхч, нөгөө нь физикч, гурав дахь нь математикч. Английн хилийг дөнгөж алхмагц түүхч нь “Пөөх, Англи чинь дан хар хоньтой юм” гэж хэлсэн байгаа юм. Тэгсэн чинь физикч нь “Чи ганц хонийг нь харчихаад бүх хонь нь хар гэсэн дүгнэлт хийж болохгүй шүү дээ” гэж хэлж. Математикч нь сонсож байгаад “Би ч бас тэгж бодохгүй байна. Миний дүгнэлтээр бол Англид ядаж нэг хониных нь нэг тал нь хар юм байна” гэж хэлжээ. Энэ хэдийгээр хошин яриа боловч математикчдын дүгнэлтийг илтгэсэн юм. Тэр хонины нөгөө тал нь цагаан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Бид тэр хонины нэг талыг нь л харж байна. Тиймээс сүүлийн өгүүлбэр бол математикч хүний сэтгэлгээний гүнзгийрэл, логик дэс дараалал, тэлэлт гэсэн гурван орон зайг хамгийн энгийн илэрхийллээр илтгэж байгаа хэрэг. Энэ гурав маань надад улс төрчийн хувьд дандаа хэрэг болж байдаг.
-Та бие хүн болж төлөвших явцдаа өнөөдрийн тавь гарсан насандаа ямар хүн болчихсон байна гэж төлөвлөж, мөрөөдөж байсан бэ?
-Хүний мөрөөдөл цаг хугацаагаар өөрчлөгдөж байдаг байх л даа. Хүүхэд үеийн мөрөөдөл тогтож үлдээгүй. Хөдөөгийн сургуулийн хүүхэд шинэ барилгыг хараад л “Би барилгын инженер болно” гэсэн бодол орж ирж байсан удаатай. Гэхдээ миний хувьд нэлээн эрт математик руу орсон болохоор түүндээ огоорч, гүнзгийрч дурлаж өссөн дөө. Судлаад ирэхээрээ энэ чиглэлээр том эрдэмтэн, академич болно гэх мэтээр мөрөөдөл маань томордог байлаа. Агуу хүмүүсээр бахархах бахархал миний мөрөөдлийг хөтөлж явсан. Их сургуульд ирээд л тэр том эрдэмтэд, академичдыг хараад тэднээр өөрийгөө хөглөж, ирлэж ирсэн дээ.
-Та мөрөөдөл үе үеэр өөрчлөгдөж байдаг гэлээ. Одоо та юу хүсч, мөрөөдөж байгаа вэ?
-Хувь хүнийхээ хувьд үр хүүхэд, ач гучийнхаа сайн сайхныг харж, түүгээр бахархаж, баярлаж явахыг хүснэ. Хүний амьдралын утга учир болсон өөрийн үргэлжлэлээ зөв, тууштай байлгахыг хүсч байна. Улс төрчийнхөө хувьд монголчууд эх орноороо бахархах бахархал бүхнээ сэтгэлдээ тээх биш, амьдралдаа хүртэж чаддаг байлгахын төлөө зүтгэж байна. Энэ амтыг авах үе рүү аль болох хурдан хүрэхийн төлөө зүтгэж байна.
-Танд алдсан цаг хугацаандаа харамсах тохиолдол байдаг уу?
-Би болоод өнгөрсөн зүйлд харамсдаггүй юм. Гэхдээ тэр таагүйхэн өнгөрсөн явдлаас харамсал биш сургамжийг авч явах учиртай юм гэж боддог. Би 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй. Идэвхгүй байсан үе гэж би хэлэхгүй л дээ. Тэр үед үзэл бодол нийлсэн нөхөдтэйгөө “Алтангадас ассиоцаци” гэж хөгжлийн төлөөх байгууллагыг байгуулж, Монгол улсын хөгжлийн арван зорилтыг дэвшүүлж ажиллаж байсан. Энэ маань 2004-2006 оны хөгжлийн гол бодлогууд, саяын сонгуульд оролцсон АН-ын арван зөв бодлогын тулгуур, суурь зорилтуудын эхний томьёолол болсонд баяртай байдаг. Гэхдээ тэр 2000-2004 онд би УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол хяналтгүй явсан тэр үед хэдийгээр цөөнх ч гэсэн өөр уур амьсгал, өөр байр суурийг бий болгож, оруулж байсан бол өнөөдөр арай өөр үр дагавар харагдах байсан болов уу гэж боддог юм. 2001 онд Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшин оролцохдоо ч хяналтгүй төрийн үил ажиллагаанд тэрхүү өөр уур амьсгалыг оруулахын төлөө зорьж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж байлаа. УИХ-ын 2000 оны сонгуульд хувьсан өөрчлөгдөж байгаа сонгогчдын уур амьсгалыг мэдрээгүй алдаагаа харж, дараа дараагийн сонгуульд үүнийгээ сургамж болгон санаж ажилладаг даа.
-Тэгвэл танд олзуурхдаг цаг үе, азтай тохиолдол нь юу байв?
-Би өөрийнхөө өнгөрсөн бүх амьдралд сэтгэл хангалуун байдаг. Би хөдөө өсөж төрснөөрөө маш их олзуурхдаг. Төрж өссөн тэр үед минь тогтсон ёс заншлын гэхээсээ илүүтэй өөрөө өөрийнхөө орчинд бие дааж явсан сэтгэлгээний олзоо би амьдралынхаа суурь, төлөвшлийн үндэс гэж боддог. Хар багаасаа хөдөлмөр хийж өссөн. Тав зургаан наснаасаа л эхэлж зундаа цагаан идээ хийдэг байлаа. “Тэгж байхдаа би ингэж бодож байсан” гээд нэхээд дурсахад миний өөрийгөө нээх оролдлого илэрдэг. Ээзгий ээдүүлэх гэж чухал ажил бий л дээ. Түүнийг хийхэд надад зааж зөвдөх хүн байхгүй, гарын авлага болгох ном товхимол бол бүр ч байгаагүй. Гэсэн ч би яаж хийвэл сайхан амттай болох вэ гэдэг технологийг өөрөө л олж мэдэж, сайжруулж, чанаржуулж явснаа мэддэг юм. Дараа нь ширгээх гэж том ажил бий. Яаж ширгээхэд сайхан өнгөтэй болох вэ гэдгийг мөн л өөрөө нээж хийж сурсан. Энэ бол хожим нь судлаач болоход, танихгүй орчинд дасч, мэдэрч амьдрахад гол чанар болж суужээ гэж ойлгодог. Улмаар математик руу намайг оруулсан хүчин зүйл бол энэ өссөн орчин. Товчхондоо бусдын мэдээллийн орчинд биш, өөрийн мэдээлэл боловсруулалтын орчинд өсч өндийж ирснээрээ бахархаж явдаг.
-”Юм үзэж, нүд тайлна” гэж ярьдаг шүү дээ. Та явсан газруудаасаа юуг өөртөө нааж үлддэг вэ?
-Ном эрдэм сурч байх үедээ л хамгийн ихийг мэдэж, мэдэрч байсан. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү, Новосибирскэд ном үзэж байх үед би маш их зүйлийг өөртөө нааж үлдсэн. Миний амьдралыг математикч, эрдэмтэн байсан үе, улс төрч болсон үе гэж хоёр ангилж болно. Улс төрч болсон хойно олон орноор айлчилж, олон хүнтэй уулзаж, өөр орчин, өөр өөр ёс заншил, хөгжил, эрх зүйн орчинд явж байлаа. Хамгийн энгийн жишээ гэхэд Солонгост албан ёсны айлчлал хийж явахдаа хоёр гол зүйлийн талаар нэлээн их эргэцүүлэл тээж ирж байлаа. Бид монголоороо бахархаж л ирсэн, тийм үү. Гэтэл Солонгосчууд эх орныхоо хөгжлийн төлөө иргэн бүр нь хатуу зорьсон, улс орныхоо сайн сайхны төлөө үнэн сэтгэлээсээ зутгэх үзэл нь маш их мэдрэгдэж байсан. Мөн хөгжлийн маш том зорилгыг тавиад тэр үед Ким Дэ Жун ерөнхийлөгчдөө өргөн барьж байсан. Нэгдүгээрт, Монгол улс хөгжлийн төлөөх иргэн болгоны оролцоог тийм хэмжээгээр хангасан, хоёрдугаарт, урт хугацааны зорилготой, судалгаан дээр тулгуурласан зорилттой байх ёстой юм байна гэж би бодсон. Тийм ч учраас үүнээс санаа авч 2001 онд ерөнхийлөгчид нэр дэвшихдээ ойрын хорь гучин жилийн хөгжлийн цогц бодлогыг эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан хийнэ гэж зорьж байсан. Нарийн гүнзгийрүүлсэн, олон жилийн судалгаан дээр тулгуурлаж гарч ирж чадаагүй. Гэхдээ эхний зөв оролдлого байсан. Гэх мэтчилэнгээр газар газраас санаа авах юм бий.

Уулын энгэрт гэр бариад үлдсэн бүх насаа өнгөрүүлж чадна

-Таны хувийн амьдралд эдийн засгийн хувьд хүч хүрэхгүй, бэрхшээлтэй асуудал тохиолддог уу?
-Үгүй дээ, би өөрийн боломж хүрээлэл дотроо сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ мэдээж зорилго тавьж хүрэх зүйл зайлшгүй л дээ. Амьдрал юм хойно “хэрэв мөнгөтэй бол тэгмээр байна, ингэмээр байна” гэх зүйл гарна л даа. Тэр болгонд гэр бүлийн хүрээнд сэтгэлээ нээж, ярилцаж, ойлголцоод сайн сайхан болгож ирсэн. Дундаж хэмжээний амьдралаар амьдрах ёстой, түүнээс дээшлэх тусам өөрсдөө хангалууныг бий болгоод явдаг зарчмаар л явдаг даа.
-Мөнгөтэй хүн л эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй байдаг гэсэн ойлголт бий. Таны хувьд мөнгө эрх чөлөөний түлхуур мөн үү?
-Би бол тэгж ойлгодоггүй шүү. Мөнгө бол туслах элемент л гэж ойлгодог. Ямар хэмжээг эрх чөлөө гэж ойлгохоос шалтгаална л даа. Дуртай амттанаа идэж, дуртай газраа очиж, дуртай зүйлээ авах, дуртай юмаа үзэх зэргээр материаллаг талын бүхий л хэрэгцээгээ хангахыг эрх чөлөө гэж ойлгодог хүмүүс өөрийн чинь асуудагтай санал нэг л байна байх. Материаллаг ертөнцөөр амьсгалж, хорвоод бүх юмтай байх гэсэн үзэл буруу гэж би боддог. Яагаад гэвэл хүн болгон тийм байх боломжгүй. Боломжгүй бүхнээс өөрийн гэснийг хүртэх гэсэн шунал бол буруу сэтгэлгээ гэж үздэг.
-Та хүссэнээ авах хэмжээний мөнгөтэй юу?
-Байхгүй ээ. Нөгөө талаар бас байна. Буй байдалдаа зохицсон зүйлээ л хүсдэг. Хүн болгон хүслээ задгай тавьчихвал утгаа алдана шүү дээ.
-Та хүнтэй даргархаж харьцаж байсан удаатай юу?
-Би тэгж чаддаггүй юм. Гэхдээ хүнд даргархаж байгаа нэгэнд би даргархах тохиолдол байдаг. Ялангуяа орон нутагт явж байхад ард түмэндээ жинхэнэ үйлчлэх ёстой хүн ажлаа хийхгүй, ард түмнээ захиргаадаж, эрх мэдлээрээ дулдуйдсан нөхөртэй таардаг. Түүнтэй даргархаж харьцдаг. Өөрөөр хэлбэл тэр нөхрийг буруушааж, өөрт нь төдийгүй олны өмнө тэр чанарыг нь хэлж залруулж явдаг.
-Танд найз нөхөд байхын гол үндэс юу вэ?
-Нэгнээ ойлгож, багаар ажиллах чадвар.
-Та насан эцэслэтлээ улс төрөөс гарахгүй гэж боддог уу?
-Улс төрийн албан тушаалаас гарах, улс төрийн харилцаанаас гарах гэсэн хоёр ойлголт байна.
-Албан тушаалын хувьд?
-Албан тушаалын тухайд бол өөрөө цаг хугацаагаа заагаад өгдөг ажил шүү дээ. Улс төрийн харилцаанд орох нь бол насан туршдаа л явах хэрэг. Гагцхүү энэ оролцоо нь бусдад саад болохгүй тэр хязгаарт баригдаж байх ёстой. Миний ажиглаж байхад үүний эсрэг хандлага байх л юм.
-Зурагтаар чуулганы хуралдааныг харж суусан иргэн “жүжиг үзэж байна” гэж хэлэхтэй таарсан юм. Хэрэв улс төр жүжиг бол та ямар дүрд тоглодог вэ?
-Би нэг л зүйлийг хэлнэ. Сонгогдохын төлөө биш, сонгогдсон үүргээ биелүүлэхийн төлөөх харьцааг эрхэмлэдэг. Энэ бол УИХ-ын гишүүдийн барьж байх ёстой зарчим.
-Таныг уулын энгэрт гэр бариад хэдэн мал маллаад амьдар гэвэл хэр удаан байж чадах вэ?
-Үлдсэн бүх насаа дуустал би байж чадна. Манай хүн ч “Хөдөө очоод хэдэн малын хажууд амьдрахсан” гэж хэлдэг юм. Чөлөөт цаг зав гарвгл гэр бүлийнхээ хүрээнд сайхан агаарт гарахыг эрмэлздэг.
-Өнгөрсөн наадмаар морь унасан явах чинь содон харагдаж байсан. Хурдны удамтай адуу байгаа л биз дээ?
-Би морь унаж л хийморио сэргээдэг. Хурдан морь уях, уралдуулах гэдэг миний хөрөнгө зиндаанаас ахадсан хэрэг. Маш их зардал мөнгөтэй холбоотой сонирхол чинь тэр шүү дээ. Найз нөхдийнхөө уяж уралдуулж байгаа морьдыг харж, уяагаар нь орж баясаад л явдаг. Ер нь монгол наадам чинь морьтой л наадам шүүдээ. Түрүүлж ирж байгаа морьтой зэрэгцэж нэг дүүхэлзэх тэр үедээ эмээл дээр тогтоод байж байх сайхан.
-Таны гэрийн хамгийн нандин үнэт эд зүйл юу вэ?
-Эцэг эхээс минь өвлөж ирсэн бурхан тахил.
-Танайх ямархуу уур амьсгалтай айл вэ?
-Харахад яг л над шиг л уур амьсгалтай гэр бүл.
-Танай гэрийн нүд унамаар гоёл?
-Манай гэрийн хүний нэг талынхаа хананд хийсэн задгай дизайнтай тавиур, дотор нь тавьсан ваар сав, эд зүйлийг орсон хүн болгон олзуурхаж хардаг юм.
-Түүндээ хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Үнэ өртөг орохгүй шүү дээ. Манай хүн өөрөө сэтгээд, хямдхан гарын доорх материалаар хийдэг зүйл. “Зохистой болгон зүйтэй, зүйтэй болгон зохистой” гэдэг том философи бий шүү дээ. Бид түүнийг л баримталж ирсэн.
-Та хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд хэр зүдэрсэн бэ?
-Ном боловсролоор тэтгэхийг л зорьсон. Өнөөдөр бүгдээрээ л сайхан эрдэм мэдлэгтэй хүн болж байна. Том охин маань өмгөөлөгч. Өмгөөлөгчдийн хүрээнд гайгүй нэр хүндтэй. Бие даагаад амьдраад явж байна. Дараагийнх нь докторын зэрэгтэй. Банк санхүүгийн чиглэлээр хэсэг ажилласан. Цаашдаа аятайхан явах болжээ гэдгийг нь хараад бахархаад явж байна. Дараагийн хоёр хүү сургууль соёлын мөрөөр л явж байна. Тэр хоёр хүүдээ мэдээж юм бэлдэж өгөх хэрэгтэй. Хоёр хаш хөөргөө л өгнө дөө. Миний сэтгэлийн зарчмыг үр хүүхэд маань өвлөж үлдсэн. Тийм болохоор миний амьдрал шиг сэтгэл хангалуун, сайхан амьдралыг туулах байх гэж найддаг.

УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж: Хямралаас гарахын тулд бодлого тодорхойлогчид нь ярилцах хэрэгтэй

Монгол улсын Засгийн газрыг хоёр ч удаа тэргүүлж байсан УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржтой уулзаж, нүүрлээд байгаа инфляцийн уналтын талаар ямар бодолтой яваа талаар сонирхсон юм.
-УИХ-ын зарим гишүүд мөнгөний бодлого дээр алдаа гаргасан нь УИХ-ын буруу, Монгол банкны буруу гэдэг асуудлыг тавих боллоо. Энэ тал дээрх таны бодлыг сонирхвол?
-Зарим УИХ-ын гишүүд парламентын буруу гэдэг зүйл ярьж байсан. Тэгэхээр ард түмэн буруугүй. Яг түүнтэй адилхан УИХ бас буруугүй. УИХ-ын бурууг ард түмэн тооцдог байхгүй юу. Монгол банкны буруу. Засгийн газрын буруу, УИХ-аас доошоо байгаа бүх байгууллагын бурууг УИХ тооцдог эрэмбэтэй. Моигол банкны ажлыг ярьж байхад УИХ-ын бурууг ярих ёсгүй. Ийм зүйл байх ч үгүй. УИХ-ын нэг гишүүн энэ тухай ч ярьдаггүй юм.
-Мөнгөний бодлогын хувьд?
-Миний сэтгэлийг зовоож байгаа асуудал бол УИХ-аас батлагдаж байгаа баримт бичгийн асуудал дандаа худлаа болж байна. Үнийн өсөлт 6 хувьтай байна гээд батлаад өгтөл 34 хувь боллоо. Гэтэл түүний төлөө хариуцлага хүлээж байгаа нэг ч албан тушаалтан алга. УИХ-аас төсөв батлаад өгөхөөр баахан хэтрүүлчихээд ороод ирж байна. Тэгэхээр УИХ-аар ямар нэг бодлого батлах нь утга учиргүй болон хувираад байгаа юм. Батлахад буруу байхгүй. Харин баталсан бодлогоор ажлыг хийж чадахгүй байгаа хүнтэй нь хариуцлага тооцдог, бодлогыг хэрэгжүүлж чадаагүй албан тушаалтнууд өөрсдөө хариуцлагаа хүлээж, огцроод явдаг зарчим монголд тогтохгүй бол болохгүй байна. Олон хоног бараад, сүржин хууль дүрэм батлаад хэрэгжүүлэхгүй бол утгагүй. Өнөөдөр /өчигдөр/ чуулганы хуралдаан дээр гишүүдийн асууж байгаа асуултнаас харж байхад Монгол банкны ерөнхийлөгч болон бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн хариултанд “Бидний буруу. Бид үүнийг барьж чадаагүй” гэдэг хариулт алга. Дандаа л бусад руу чихэж байна.
-Манай улс дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хоёр том хөрштэй. Тийм болохоор дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр Монголын мөнгөний бодлогын зорилт хангагдаагүй гэж тайлбарлаад байна. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Хоёр хөршийгөө аваад үзье. Хятадад инфляци дөрвөн хувьтай, ОХУ зургаан хувьтай байна. Энэ хоёр хөрш маань томынхоо хэрээр далхийн эдийн засагтай уялдсан улсууд. Тэгэхээр энэ хоёр том оронд инфляциа барьчихсан байна. Ази, номхон далайн 40 гаруй орон дотор инфляциа нэг оронтой тоонд барьж чадсан 10 гаруй орон байгаа. ОУВС 2009 оны дэлхийн инфляцийн түвшин гурван хувьтай байна гэдгийг хэлж байна. 2008 оных таван байдаг гэж ойлгож болох уу?
-Бүх гол зангилаа цэгүүд нь олигархиудын гарт байгаа.
-Манайд орон сууц хамгийн үнэтэйд тооцогддог. Энэ байдал цаашид хэрхэн өрнөх бол?
-Байрны үнийн өсөлт хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт бүтээн байгуулалтын жилтэй холбоотойгоор барилгын үнийг өсгөж, барилгын салбарыг Солонгос, Японы идэш болгосон. Өөр нэг үндэслэл нь банкууд орон сууцанд зориулж их хэмжээний зээл өгсөнтэй холбоотой л доо. Орон сууцны үнэ ерөнхийдөө хямдрах төлөв ажиглагдаж байна. Үүнд нарийн тооцоо хэрэгтэй. Гол нь дотооддоо барилгын материал үйлдвэрлэж түүгээрээ зах зээлээ хангах хэрэгтэй.
-Банкууд дампуурлаа гэх юм. Энэ нь бодит зүйл үү эсвэл цуурхал уу?
-Дэлхийн санхүүгийн хямралтайгаар холбоотойгоор банкууд зээлэндээ хязгаарлалт хийлээ. Дампуурлын тухайд банкууд өмнө нь бага хүүтэй удаан хугацааны зээл өгсөн нь хямралд оруулах хүчин зүйл гэж бодож байна. Нөгөө талаас нь авч үзвэл шуугиан байж болох юм. Монголын эдийн засгийг нэгэн үед сайн ашиглаж байгаад сүүлд нь амандаа хүлхих бодолтой байгааг үгүйсгэхгүй. Мөн банкуудын таталж байна. Шинэ Засгийн газар байгуулмагц маргааш нь монголчууд үүнийг дотроо хийх ёстой байсан. Улс төрийн бодлого тодорхойлоход идэвхтэй оролцдог 200-300 орчим хүн байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага, өмнө нь улс төрийн бодлого тодорхойлоход оролцож байсан, өөрийнхөө байр суурийг илэрхийлж чаддаг мэргэжлийн байгууллага, хувийнхэвшил, бизнесийнхнийг цуглуулаад ийм хэмжээний уулзалтыг хоёр гурван өдрөөр хийж болох байсан. Хүн бүхэн нээлттэй үгээ хэлж ярилцаад гарах арга замуудаа хайх ёстой байсан. Гэтэл манайд ийм уулзалт огт болохгүй байна. Хамгийн гол нь манайхан гадныханг ирэхээр дүйвээнээр нь дамжуулж ярьдаг. Гэхдээ гарч байгаа дүгнэлт голдуу хэлснээр нь монголчууд яваад байна. Үүнийг зөв, буруу гэлээ. Энэ бодлогоо хадгал, үүнийгээ боль гэлээ л гэж ярьж байна шүү дээ. Гэтэл Монголын Засгийн газар, бодлого тодорхойлогчдын үг байхгүй. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон бусад хэвшлийнхэн цуглараад ярих ёстой. Одоо ч бид ийм уулзалтыг хийхэд оройтоогүй. Ийм уулзалтыг заавал хийх хэрэгтэй. Бодлого тодорхойлогчид нь дэлхий дээрх өөр улс оронд болж байгаа уулзалтууд руу давхиж очсон болоод байдаг. Монголынхоо асуудлыг Монгол дотроо ярих хэрэгтэй байна. Би Ерөнхий сайд байхдаа авлигын асуудлаар олон нийтийн байгууллагынханг оролцуулаад яаж тэмцэх вэ гээд хурал хийж байсан. Яг ийм халуун сэдвээ улс төрийн бодлогоо хариуцаж байгаа гол хүмүүс нь барьж авахгүй байгаа бол бусад нь тойроод гүйгээд байдаг. Тэгээд гадныхан ирэхээр ам хэлээр нь дамжуулж ганц нэг юм ярьдаг руу орчихоод байна. Өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах гарцын тухай асуудлыг монголчууд дотроо бодлого тодорхойлогчид нь цуглараад ярих хэрэгтэй. УИХ-ын чуулганы хэлбэр өөрийн гэсэн дэг, жаяг, минут цагтай. Тэгэхээр чуулганаас гадуур гарсан хүрээллийг бий болгох хэрэгтэй

До.Ганболд: Улсын нэр хүндээр ингэж тоглож болдог юм уу

Монголын улс төр, эдийн засгийн өнгө төрхийг Төрийн ордны гаднаас тольдож суугаа иргэдийн нэг нь АН-ын гишүүн До.Ганболд. Тэрбээр эдүгээ Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Улс төр түүнийг голов уу, тэр улс төрийг голоо юу гэдэг сонин биш, Ямартай ч иргэний хувьд ямар байр суурьтай бапгааг сонирхсон ч бидний яриа улс төр, эдийн засаг, уул уурхайн салбараас алхам ч холдсонгүй. Түүний яриа улс орны, бидний ирээдүйд ч тодорхой хэмжээгээр хамааралтай болохоор улс төрийн хаалганы цаанаас хатуухан хэлсэн үгэнд анхаарлаа хандуулна уу.

-Нэгэн үе Монголын улс төрд АН-ын хүчтэй дуу хоолой нь болж явсан та өнөөдөр нэн идэвхгүй харагдах болж. Та өнөөдөр улс төрд хэн бэ?
-Би одоо улс төрийн ямар ч үйл ажиллагаа явуулахгүй. Холоос, хөндлөнгөөс л ажиглаж байна. Намдаа бол гишүүн хэвээрээ. Хааяа сонгууль энэ тэрд нь “зарагдаад” л явж байна. Ямар ч байсан эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбарыг эрүүл байлгахын төлөө яваа. Энэ салбар эрүүл байж л бусад салбарыг хөгжүүлнэ. Энд алдаатай байвал түүнийг засах явцад бусад салбар нурна шүү дээ.
-Энэ сэдвээр нийт улстөрчид байтугай намынхантайгаа хүртэл хааяа санал зөрөлдөнө биз дээ. Тэд ч гэсэн төрийн бодлогыг тодорхойлоход нөлөөлж байгаа шүү дээ?
-Байлгүй яахав. Манай салбарын асуудлаар бол их маргана. Их мэдэгч нар олон шүү дээ. Манай Н.Батбаяраас эхлээд л. Мундаг гавъяа байгуулсан. Гэтэл хэдхэн сарын дараа л нураад унаж байгаа байхгүй юу. Олон жил ийм байна, ерөөсөө Монгол Улс мундаг болчихлоо л гээд байсан. Худлаа л байхгүй юу. Хэзээ тийм юм байсан юм бэ. Ийм хэврэг эдийн засгийг тэгж төсөөлж огт болохгүй. Тийм учраас болохгүйдээд ирэхэд бэлтгэлтэй байх үүднээс л асуудалд хандаж байж эрүүл болно уу гэхээс биш, “өө ингэх байсан юм уу, мэдсэнгүй, уучлаарай” гээд байдаг. Энэ бол хариулт биш.
-Та гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг санаачилсан тухайд ярьж байна уу. Хууль санаачлагчаас гадна түүнийг батлагчид, бусад хүмүүс яагаад бурууг нь мэдсээр байж дуугүй байв?
-Төсөвт их хэмжээний мөнгө төвлөрүүлье, түүгээр хөрөнгө оруулалт хийе гэсэн бодлоор л ингэсэн байх. Угаасаа ийм бодол болгон дэлхийн түүхэнд нурж байсан юм. Манайд ч гэсэн. Өнөөдөр яг яаж нурж байгаа нь илүү тод харагдаж байна. Бид үүнийг судалж үзсэн. Оросын талд оногдох байсан 200 сая ам.долларыг л хууль гаргаад авчихсан.
-Зөвхөн түүнд л зориулсан гэж үү. Тэгээд яагаад алтныхан дампуурч эхлэв?
-Ерөөсөө Эрдэнэт үйлдвэрт зориулсан хууль шүү дээ. Гэтэл алтны салбарт том алдаа гарсан. Алдахдаа бараг 500-аад сая ам.долларын орлого алдчихаж байгаа юм. Төлөвлөснөөр бол өдөрт хэдэн зуун саяыг олохоор ярьж байсан шүү дээ. Тийм бодитой биш тооцоо хийж, мэдлэг боловсролгүй байж болохгүй. Алтыг Лондонгийн бирж дээр наймаалдаггүй гэдгийг ч мэдэхгүй л тэгж хийсэн. Ядаж Лондонгийн металлын бирж дээр зургаан үндсэн металл арилждагийг мэдэхгүй хууль хийгээд байгаа тийм төрийн түшээ байх уу.
-Одоо энэ хуулийг санаачилсан эрхэм гишүүн Н.Батбаяр энэ талаар ярьдаг уу, ер нь харамсдаг болов уу?
-Үгүй, тэд нар чинь алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Бид гавъяа байгуулсан л гэж ярьж байгаа шүү дээ. Гэхдээ эцсийн бүлэгт Монголд орж ирэх хөрөнгө оруулалт, Монголын нэр хүнд алдагдаж, гаднын хөрөнгө оруулагчдад маш их эргэлзээ төрүүлж байна. Мөнгөөр хэмжиж боломгүй хор хохирол учирлаа. Манайх хөрөнгө оруулалтаар эхний тав, аравт багтаж байсан бол итгэлцүүр энэ тэрээ алдаад 50, 60 дугаар байранд орчихлоо. Улсын нэр хүндээр ингэж тоглож болдог юм уу? Ер нь мөнгөөр хэмжиж болохгүй алдаа маш их байгаа. Хэн, хэзээ хариуцлага хүлээх юм бэ.
-Гэнэтийн ашгийн татварыг авахаа больсноор Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ нэмэгдэнэ гэдэгт та итгэлтэй байна уу?
-Эрс нэмэгдэнэ. Хэзээ ч эргэлзэхгүй. 2005 онд манай үндэсний үйлдвэрлэгчид 20 гаруй тонн алт тушаадаг байсан. Тэгэхэд Бороогийн уурхай Монголбанкинд тушаадаггүй, шууд гадагшаа гаргадаг байлаа. Гэтэл одоо байхгүй. Би үйлдвэрлэл буурсан гэж бодохгүй байна. Ийм өндөр үнэтэй байхад үйлдвэрээ зогсоодог тэнэг хүн байхгүй. Бүгд “хар зах зээл” рүү гарч байна. 20 тонн алтыг өнгөрсөн хугацааны дундаж үнээр нь бодоод үз дээ, 500 сая ам.доллар алдаад 200 саяыг олдог ийм л гүн ухаан явж байна шүү дээ.
-Тухайн үед Монголбанк энэ байдлаас сэргийлж болоогүй гэж үү?
-Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх тухайн үед албан тушаал дээрээ үлдэхээ тооцсон уу “Энэ хууль батлагдсанаар ийм хор уршигтай, эрсдэлтэй. Баталж болохгүй” гэж дуугарч чадаагүй. Үүний үр дүнд нэг хүн албан тушаал дээрээ үлдээд, улс ийм алдагдал хүлээсэн хэрэг л дээ. Түүнээс биш сэргийлж болох байсан.
-Уул уурхайд төр хэт оролцож байгаа гэдгээс эхлээд л танай салбарынхан улстөрчидтэй маргаан өрнүүлдэг. Гэтэл оролцохоос аргагүй ч үе байдаг байх?
-Социализмын үед Засгийн газар л бүх аж ахуйн нэгжийг атгаж, хөтөлж авч явдаг байсан зуршилтай. Үүнийгээ тавихгүй одоо ч томоохон үйлдвэр, уул уурхай л байвал ашиггай, түүнийг бид мэдэх ёстой гэсэн ойлголттой байна. Улстөрчдийн хувьд мэдээж том үйлдвэр аж ахуйн даргыг томилж, түүгээрзэ далимдуулж бизнес хийх сонирхолтой. Засгийн газар хувьчлалыг анх 1990 оноос хойш хийхдээ эдийн засгийг эрүүл байлгая, бизнесмэнүүд хувийн ажлаа, Засгийн газар нь татвараа аваад олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчлээд явж байдаг нэг тийм хөдөлмөрийн хуваарьтай байя гэж шийдсэн шүү дээ. Гэтэл эргээд гэнэтхэн өнөөдөр Засгийн газар их сайн үүрэг гүйцэтгэгчийн дүрд тоглох гэж үзэх нь сайн зүйлд хүргэхгүй. Эрдэнэт үйлдвэрээр хүмүүс голдуу жишээ авдаг. Гэтэл Эрдэнэтэд хөшигний цаад талд юу болж байгааг огт мэддэггүй. Ямар авлига авч, юу болдог гэж санана. Эрдэнэтийн захирлаар томилогдоно гэдэг Ерөнхий сайдаас ч илүү том албан тушаал болж хувирдаг.
-Яг юу байдаг гэж?
-Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх далд бизнес бол наад захын жишээ. Зөвхөн танил тал, улс төрийн оролцоотой хүмүүсийн хүрээнд л болдог. Гэхдээ ил биш. Тендер зарладаг юм уу, бүү мэд. Түүнд жирийн иргэн, жижиг компани оролцож болох эсэх нь тодорхойгүй. Маш хаалттай. Хувийн компаниудын хувьд өөрөө өөрийнхөө юмыг л хулгайлж идэхгүй бол нээлттэй байх үүрэгтэй шүү дээ. Аль болох зах зээлээс хямд, чанартай бүтээгдэхүүн олж нийлүүлэх сонирхолтой байдаг бол УҮГ-т чанар бол асуудал биш. Хямд байх ёстой. Хямд бүтээгдэхүүнийг өндөр үнээр нийлүүлж хувьдаа ашиг их олох л сонирхолтой. Зэсийн хайлах үйлдвэр барина гэж 30 жил ярилаа. Байгуулсан ч юмгүй. Эцэст нь түүнд санаа зовсон ч хүнгүй. Ийм эрүүл биш эдийн засгийн томоохон бүтцүүдийг бий болгох нь улсад маш их хохиролтой. Нөгөөтэйгүүр Засгийн газар уул уурхайн салбарын том эрсдлийг үүрэх ямар ч шаардлагагүй. Уул уурхайн компаниин томоохон хувь эзэмшинэ гэдэг нь Засгийн газар өөрийнхөө цуглуулсан хэдэн төгрөгийг хувь хүн гадаадын хөрөнгө оруулагчтай хамтраад хийчих боломжтой тэр мөнгөний эрсдлийн талаас илүүг нь даах гээд байна гэсэн үг. Өнөөдөр эмнэлэг, сургууль барих хэрэгтэй байна. Төрөөс ард иргэдэд үзүүлдэг тэр их үйлчилгээнд 3-4 миллиард ам.долларыг зарахын оронд нэг бизнесийн эрсдлийн талаас илүүд зарцуулна гэдэг юу гэсэн үг вэ. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Олон улсын практикт энэ буруу, ингэж явснаас татвараа аваад, төр өөрийн үйлчлэх албаа цэврээр нь хашаад бизнес хийж байгаа хүмүүст орон зайг нь чөлөөтэй тавьж өгөх нь хамгийн зөв байр суурь. Ингэсэн улс өнөөдөр өндөр хөгжилтэй оронд тооцогдож яваа. Зэсийн үнэ өсөнгүүт Засгийн газарт мөнгө төвлөрүүлэх нь хамгийн сайн зүйл гэж үзэж байгаа нь маш алдаатай бодлого.
-Улстөрчдийн хувьд эрсдэл даахаасаа илүү сонгогчдын өмнө амласан амлалтдаа хүрэх ашгийг бодоод байгаа юм биш үү. Гэтэл ашиг гарах яагаа ч үгүй байдаг.
-Ашигтай үеээсээ ашиггүй үе нь хамаагүй урт байдаг онцлогийг тооцох хэрэгтэй. Бид Эрдэнэт үйлдвэрийг 30 жил ажиллууллаа. Өнөөдрийнх шиг өндөр ашигтай байсан нь 1-2 жил л биз дээ. Тэгээд бод доо. Тэгэхлээр уул уурхайн салбарыг ингэж үүлэн чөлөөний нар шиг хоромхон зуурын ашгаар төсөөлж болохгүй. Тэр тусмаа улс орны урт хугацааны хөгжлийг тийм алсын хараагүй тодорхойлж бүр ч болохгүй. Хэн нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо тодорхой болгох хэрэгтэй. 1.5 саяын хувьд бол амлаж байгаа, амлуулж байгаа хоёр бараг л бие биенээ ойлгож, мэдэж байсан шүү дээ.
-Өгч чадахгүй гэж үү?
-Чадахгүй. Боломж байхгүй юм чинь яах юм бэ? Сая таван зуун мянган төгрөг байтугай хүүхдийн мөнгө өгөх аргагүй болчихлоо шүү дээ.
-Эрх баригч хоёр намынхан заавал өгнө, боломж байгаа гээд байгаа. Тэдэнд итгэж болохгүй гэсэн үг үү?
-Яахав дээ. Амласан амлалтаа худлаа гэж хэлж чадахгүй байгаа биз. Бодит байдал дээр боломж байхгүй. Саяыг саяар үржүүлээд үз. Тийм тоо ямар нэртэй байдгийгч тэд бараг мэдэхгүй шүү дээ. Нэрийг нь ч мэдэхгүй хариу гарч байгаа тийм их мөнгийг хаанаас олох вэ. Эмнэлэг үйлчилгээ, төрийн албан хаагчид, нийгмийн халамжид байгаа хүмүүсийн хэдэн төгрөгийг хүртэл өгөхөд хэцүү байгаа нь нууц биш. Замаа хар, ийм нийслэлтэй улс байдаг юм уу, дүүрэн нүх. Ийм байж тийм хөрөнгө оруулалтад оролцоно гэж ярих үнэхээр зохимжгүй. Барж ядсан их мөнгөтэй бол хуваах тухай ярьж болно. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Дөрвөн жил байтугай дөчин жилд амжихгүй байж мэднэ.
-Уучлаарай, танай намын С.Баярцогт Сангийн яамыг толгойлж байгаа. Сайд бас болно, бүтнэ, саяыг өгч чадна гэсэн байр суурь илэрхийлсэн.
-Мэдэхгүй. Хөндлөнгөөс миний харж байгаагаар ямар ч боломжгүй. Юу бодож амласныг бүү мэд. Би өмнөөс нь тайлбарлаж үнэхээр мэдэхгүй юм. Монголд уул уурхайн баялаг байгаа юм байна гэдэг талаар дэлхий нийт тодорхой түвшинд мэдээлэл авсан. Ашиглах боломж байдаг юм уу гээд жаахан лавшруулаад харахаар ашиглаж болохооргүй дүр зураг харагдаж байгаа юм. Улс төрийн байдал нь тогтворгүй, хууль эрх зүйн орчин нь тодорхой бус. Урьдчилж тооцоолж болохгүй тийм орчин харагддаг. Баталсан хуулиа огт хэрэглэлгүйгээр, жилийн дараа өөрчилж эхэллээ. Мөрдөхгүй бол яах гэж хууль гаргадаг юм, болохгүй юм бол яах гэж баталдаг юм бэ. Үүнд хариуцлага тооцох цаг болсон. Дээр байгаа хүмүүс хариуцлагагүй байж болдог, бусад нь хариуцлагатай байх ёстой гэж болохгүй биз дээ. Зөвхөн сонгуулийн ямар ч хамаагүй үнэ цэнээр олж авч боохгүй. Тэр үнэ цэнэд хязгаар бий.

Молотов /БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ/

Вячеслав Молотов гэж Зөвлөлтийн Гадаад яамны сайд байлаа. ХХ зууны хамгийн том улс төрчдийн нэг. Гитлерийн хажууд Гэббэльс байсан бол Сталины хажууд Молотов. Европыг хуваах Зөвлөлт Германы нууц гэрээг Риббонтроп-Молотовын дээрмийн гэрээ гэдэг. Дайны дараа тэрээр америкчуудтай үзэлцдэг байв. “Мистер нөү” гэдэг нэрийг анх түүнд өгчээ. Дараа нь залгамжлагч Громыког тэгэж нэрийдсэн. Харин хувь заяаны шоглоомоор Сталин үхэхийнхээ өмнө Молотовыг Америкийн тагнуулаар сэжиглэн цааш нь харуулахаар зэхэж байв. Молотов тавиад оны сүүлчээр Монголд элчингээр сууж байв. Юу нь хатгасан юм бүү мэд, Монголын умарт хилээс 2,4 мянган ам км газар нутгийг ямар ч үндэслэлгүй нэхэж санасандаа хүрсэн юм. “Бид социалист лагерийг хамгаалж байгаа учир та нар хувь нэмрээ оруулах ёстой” гэсэн увайгүй тайлбар тавьсан юм. Эх нутгаасаа ийм том газраа зүв зүгээр өгөхийг зөвшөөрсөн Монголын гол хоёр удирдагч Цэдэнбал, Цэнд нарын өөрсдийнх нь төрсөн гэрийн бууцыг Орост хавсаргажээ. Ядахнаа Увсын Давст сумын Хандгайтын, Сэлэнгийн Шаамар сумын Охиноогийн тэр жаахан өвөлжөө бууцыг өөрт нь үлдээчиж болноо доо? Бүр зориудаар ингэсэн юм. Молотовын хутган үймүүлэлт, ичгэвэргүй түрэмгий зан, увайгүй довтолгоон үүгээр тод харагддаг. Муухай хорлонтой! Ер нь үүгээрээ ч түүхэнд их алдартай.

Терроризм ханхалсан шинэ зуунд сайд Молотов мартагдаж, өөр молотовын нэр сонсогдох боллоо. Молотов коктэйль гэж байх. Лонхонд бензин дүүргээд амсарт нь дүрсэн даавууг шатаагаад шидэхээр сүйд болсон түймэр тавина, үүнийг молотов гэдэг. Гудамжны тулалдаан энэтэрд бол ёстой хорлонтой эд. Тайван амгалан монголчууд молотов коктэйлийг мэддэггүй. Харин сайдыг бол сайн мэдэхээр барахгүй Моолтов гэж нэртэй тавь жараад насны нэлээд хэдэн хүний нэр бүртгэгдсэн байх юм билээ. Гудамжны террористуудын найдвартай хорон зэвсэг болсон молотов харин энэ зун Монголд орж ирлээ. 7 сарын 1-ий (7/1 гэж товчилж нэрлэж байх уу? “Долоо нэг”. Америкчууд “ес арваннэг гээд нэрлээд сурчиж) үймээнээр анхны галыг молотовын коктэйль тавьсан. Тэр хавьд голдуу япон солонгос машин байсан учраас бензин амар олдохгүй. Гол нь молотов хийж шидэх ухаан хэнээс гарав? Дажгүй боловсролтой террорист байж таарах нь. Зориуд урдаас бэлджээ. 7/1 үймээн бол үнэхээр урдаас зохион байгуулагдаагүй, улс төрийн шалтгаантай, хар аяндаа үүссэн цугларалт байсан. Харин молотов энэтэр шидээд эхэлсэн нь цугларалтыг самуун болгохоор зориуд зохион байгуулсан хэрэг харагддаг. Архи мөнгө тарааж, чулуу зөөсөн гэж дуулдах. Энэ бол нэгэнт цугларсан хүмүүс дээр өдөөн хатгагчид орж ирсэн болтой. Хамгийн гол нь молотов! Энэ хорлонтой зэвсэг хэний санаачлагаар хэнээс гарав?

Одоо манай нийгэм рүү шүүх, цагдаа, хүчний байгууллагаас молотов шидэж эхэллээ. Баривчлаад л, суллаад л, шүүгээд л, яллаад л. Энэ болгон нь нэг мөр ул үндэстэй, хууль журмын дагуу явагдаж байгаа юм ер алга. Тэнд ч ширүүлээд л, энд ч өршөөгөөд л. Яагаад гэсэн тайлбар байхгүй. Хууль журмандаа байтугай ердийн логиктой үл нийцнэ. Үүнд нь хүмүүс асар их бухидаж байна. 7/1 дахин давтагдах нийгмийн суурь бэлтгэгдэж байна. Нэг хоёрыг бол санаандгүй зүйл гэж үзэж болохсонж. Гэтэл байнга системтэйгээр ингээд байхаар зориудын үйлдэл гэлтэй харагдана. Зорилготойгоор ингээд байгаа юм биш үү? Молотов зэхэгчидийг хайх ч үгүй мөртөө ганц хаард аваад явж байсан насанд хүрээгүй хүүхдийг долоон жилээр яллаад байгаа нь зүгээр нэг тэнэгтэл биш байхаа. Сонгууль будилуулаад л, дүнг нь засаад л, дүнг нь үл зөвшөөрөөд л…, энэ бүхэн зориуд юм биш үү? Чухамдаа манай нийгмийг бухимдуулж, уурыг нь хүргэж уушгийг нь сагсайлгах гээд цаанаас нь зориуд улаан даавуу дэрвүүлээд байгаа юм биш үү?

Хүмүүс эмзэг байна. Нийгэм бухимдалтай байна. 7/1-д тэгэж уурсаж байгааг нь хар. Тэгснээ олимпын алтын сургаар тэгэж хөөрч баярлаж байгааг нь хар. Хорсол, Баяр хоёр ийм ойрхон байна. Хувь хүн сэтгэлийн хямралд орохоороо ингэдэг. Нийгэм ч ялгаагүй. Дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямрал эхэллээ. Техник технологийн асар их дэвшил рүү эрчимтэй урагшилж байсан хүн төрлөхтөн гэнэтийн хямралд автаад байна. Энд тэндгүй банкууд дампуурч, ханшууд огцом өөрчлөгдөж, инфляци галзуурч байна. Магадгүй санхүүгийн хямрал бүх нийтийн эдийн засгийн хямрал руу хальтран ороход ойртсон байж болох. Хямралын хамгийн том хүчин зүйл нь хүн өөрөө байдаг. Ямар ч арга хэмжээ авсан бай, хүмүүс паникт орж нэг шуугиад сандраад эхэлбэл тэр нь хяналтаас гарна. Санхүү хямраад эхлэхээр хүмүүс сандралд бэлэн болж биеэ хурааж эхэлдэг байна.

Үүний нэг тод жишээ нь хэдхэн хоногийн өмнө Хонкогд болсон явдал. Дэлхийд дээгүүр орох, хэдэн зуун тэрбумын эргэлттэй Ийст Эйшиа банк 200 хүрэхгүй сая долларын алдагдал хүлээжээ. Энэ бол тэр том банкинд харьцангуй бага алдагдал. Гэвч нэг нь молотов шидэж гарав. Молотовын эзэн баривчлагдсан л даа. Гэхдээ л сандрал нэгэнт эхэлж хүмүүс банкнаас мөнгөө татаж эхлэв. Гурав хоногийн дараа энэ асар том банк дампууралд туллаа. Төр засгаас арыг нь даана гэж тайвшруулж байж арай гэж нэг тогтоож авсан. Хэрэв энэ банк дампуурсан бол араас нь бусад нь сүйрч гинжин урвал болох байв. Зүйрлэвээс том зааланд битүү хүн кино үзээд сууж байтал хэн нэг нь “гал гарлаа” гэж орилбол юу болох вэ? Үнэхээр гал гарч байгаад ингэж сандрал үүсгэвэл хүмүүс ганц хаалган дээрээ овооролдож хэн ч гарч чадалгүй угаартаж үхдэг. Сүргийн сандрал гэдэг гэдэг ийм аймшигтай. Энэ тухай Гүржийн нэг гоё баримтат кино байдагсан. Бүх амьтан хаашаа ч юм зугатаагаад л биенээ дайрч алаад л. Гэтэл хамгийн анх могойноос цочсон зааны тугал орилж, эх нь сандарснаас эхтэй юм билээл. Уг нь хямрал бол шинэ гарааны эх байдаг болохоос мөхлийн үүд биш. Хямрал гэдэг үгийг хятадаар “аюул”, “боломж” гэсэн хоёр ханзаар илэрхийлдэг гэнэ.

Зэсийн үнэ унаж 4 мянган доллароос доош ороод ирлээ. Санхүүгийн хямрал эхэлж манай банкууд мөнгөгүй болж эхэлж байна. Хүмүүс ч биеэ хурааж сандралд бэлдэж эхэллээ. Яг энэ үеэр Ерөнхий сайд, шадар сайд, Ардчилсан намын дарга, Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон дарга, Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга асан Энхсайхан молотов шидээд уналаа. Нэгэнт өнгөрлөө, ард түмээн үхэлдээ бэлдэцгээ гэсэн санаа агуулсан нүүр дамжсан ярилцлага өгчээ. Эдийн засгийн анализийн хувьд байж болохуйц дүн шинжилгээ хийж. Ярилцлагыг уншаад би өөрийнхөө хоёр гурван жилийн өмнө бичиж байсан зүйлтэй эндүүрэн алдав. Харин шадар сайд тэр үед үүнийхээ яг эсрэг юм ярьж, өнөөдөр бараг гэмт хэрэг гэж нэрлээд байгаа тэр арга хэмжээнүүдийг авч байсныг сонины шарлах яагаачгүй хуудсууд гэрчлэнэ.

Анхааруулж хэлэх нэг хэрэг, молотов шидэх өөр хэрэг. Хямралаас зайлсхийх арга байхгүй биш, бий. Овор хэмжээ багатай Монголын зах зээлд Оюутолгой, Таван толгойн хөрөнгө оруулалт ороод ирвэл хямралаас зайлсхийж болно. Энд ганцхан улс төрийн шийдвэр л хүлээгдэж байна. Банкууд мөнгөгүй болсон нь үнэн боловч тэд 250 сая орчим долларыг тав ба түүнээс урт хугацааны зээлээр орон сууцанд олгожээ. Нэгэнт байртай болсон хүн хүүгээ сайн төлдөг бололтой, 90 гаруй хувь нь найдвартай зээлд хамрагдаж байна. Ийм сайн зээлээр барьцаалан Төв банк арилжааныханд зээл олгож болно. Ингэвэл цусны урсгал дахин сэргэж эд эсүүд хүчил төрөгчөөр хангагдах болно. Америк доллартай харьцуулсан ханшны уналтаар солонгос вон 32 хувийн алдагдалтай явж байхад монгол төгрөг харин ч илүүдэлтэй сайн явна. Ингэхээр монголын ард түмэн үхэлдээ бэлтгэх шаардлагагүйгээр хямралыг даван туулж болохоор байна. Бас молотов шидсээр байгаад сандрал үүсгэн бүх ард түмнийг жинхэнэ хямрал руу хөтлөн авч орж ч болж байна. Эцэст нь “би хэлээгүй юу!” хэмээн кайфдах нь гоё боловч садист л биш юм бол сүйрсэн эргэн тойрноо харж бахаа хангах тийм сайхан гэж үү?

Төрийн институциүдийн нэр хүнд, чадамж руу нь молотов шидэж гарцгаалаа. Цэцийн дарга ярихдаа “УИХ над шиг мундаг хуульчгүй болсон учир ёстой балрана” гэж зөгнөв. Ганц Нямдорж л байна ч гэх шиг. Хөөрхийг баалж байгаа юм болов уу? Хууль тогтоох дээд байгууллага УИХ бол хуулийн мэргэжлийн байгууллага биш, ард түмний сонголт гэсэн өөр шалгуураар буй болдог. Тэнд голдуу ухнууд, тэнэгүүд цугларсан байж болно, гэхдээ л ингэх эрхийг нь ард түмэн олгосон. Нарийн ярьвал тэд хуулийг жорлондоо засаж байх учиртай биш, мэргэжлийн байгууллагууд бэлдэж, харин ухнууд үүн дээр нь улс төрийн шийдвэр гаргаж тийм, үгүй гэдгээ эцэслэх логигтой, мөн чанартай юм л даа. Ингэхийн тулд институци дотроо тэд юу ч гэж майлж болно. Тогтолцоо маань өөрөө ийм юм. Хаана ч тийм байдаг. Хуулийн мэргэжлийн нягт сайн шалгуур Шүүх, Прокурор, Хууль зүйн яаманд л байх ёстой. Их хурлын гишүүн тэнэг байж болно, (ер нь харж байхад тийм ч юм шиг) гэхдээ тэдний хууль тогтоож байх ажлын үеэр нь төрийн бусад институци болон тэрний төлөөллөөс хэн ч саад болж, доромжилж, үл тоомсорлож болохгүй. Энэ бол зарчим. Гэхдээ энэ нь мэдээллийн хэрэгслэл болон хүмүүс хоорондоо элдэв муухайгаар хэлж хочлохыг хориглоно гэсэн үг биш. Шүүх ялгаа байхгүй. Шүүн таслах ажиллагааны үеэр тэр зааланд шүүгчийн эсрэг хэн ч юу ч хэлж болохгүй. Хаанахын ч шүүх зааланд шүүгчийг доромжилсон хүнд газар дээр нь ял өгдөг. Харин гадаа гараад шүүгч руу салаавч үзүүлж юм уу, сонинд доош нь хийсэн ярилцлага өгөх эрхээр бүрэн хангагдана. Тогтолцоо маань ийм, зарчим маань ийм юм. Одоо танхим дотор нь шүүгчийг зодоод унадаг болж. Бүр амар юм боллоо. Энэ бол нийгмийн эсрэг чиглэсэн онц ноцтой гэмт хэрэг. Үүнийг хөөрөгдөж зүйтэй мэтээр ухуулах хандлага ч газар авах нь. Чухам үүнийг л би молотов гэж нэрлээд байна л даа.

Гэртээ молотов бүтээж бусдад тараан шидүүлээд байгаа эзэн байх шиг. Нийтийг хамарсан хямрал л тэр хүнд хэрэг болоод байх шиг. Юу хожих гээд байгаа юм бол? “Их салхи хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй!” гэж Горький бичжээ. Аймаар муухай террорист молотов шүү! Байгаа болгоныг сөнөөх нь л дээ. Их салхины дараах нуранги дээр хүсэн хүлээсэн барилгаа босгож чадалгүй олон гүрэн улс, иргэншил соёл тэрчигээрээ мөхөж байсан юм. Харин нуранги дээр аврагчийн дүртэй адгийн шаарууд хэсэг тодордог юм даа.

Профессор Д.Бямбасүрэн: Сангийн сайд сайхан зүүд яриад л сууж байна

Дэлхийн эдийн засгийн уналт манайд хэрхэн нөлөөлөх талаар профессор Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр 1990-1992 оны Засгийн газарт сайдын албыг гүйцэтгэж явсан нэгэн билээ.
-Та манай зах зээл дэх инфляцийн жинхэнэ төрхийг хэлэхгүй юу?
-Үндсэндээ инфляцийн жинхэнэ төрх бол манай улс төрийн болон эдийн засгийн амьдралтай холбоотой юм. Сүүлийн хоёр жилд үнийн өсөлт нилээн хүчтэй ажиглагдаж байна. Энэ байдлын талаар эдийн засагчид, хэрэглэгчид хичнээн дуугарсан ч төр засгаас арга хэмжээ аваагүй. Тэгвэл одоо инфляцийг дэлхийн зах зээлийн хямралтай холбож тайлбарлах гээд байна.
-Монголын зах зээл дээр инфляци яагаад хөөрөгдөх болов?
-Сүүлийн үед монголын эдийн засаг бизнесийн бүлэглүүд (олигархи)-ийн эрхшээлд орсон. Эд нар үнээ тулгаж барьсан. Жишээлбэл: 2001 оны үед Монгол 25 сая толгой малтай байсан. Гэтэл одоо 40 сая болтлоо өсчихөөд байхад махны нийлүүлэлт бус үнэ нь өссөн. Энэ нь зах зээл дээрх бизнесийн бүлэглэлүүд шударга бус өрсөлдөөн явуулж ноёрхсон гэсэн үг.
-Энэ их хөөрөгдлийг өөр юунаас олж харж болох вэ?
-Жишээ нь сүүлийн үед дотоодод хөрөнгийн нийлүүлэлт эдийн засгийн өсөлтөөс хэд дахин түрүүлж явсан. Өнгөрсөн оныхтой харьцуулахад эдийн засгийн өсөлт 10 хувь байхад банкуудын өсөлт 40 хувиар өссөн нь банкууд мөнгө хүүлэгч болохыг харууллаа. Мөнгөний нийлүүлэлт асар их хэмжээтэй байсан. Түрүүчийн сонгуулиар улс төрийн намууд өгсөн амлалтаа биелүүлэх гэж 2007 оноос их бүтээн байгуулалтын жилээр зарласан.Тухайн үед барилгын материал ч үгүй, мэргэшсэн ажиллах хүч ч үгүй байсан нөхцөлд их бүтээн байгуулалт хийсэн нь барилгын материалын үнийг хөөрөгдсөн гэж болно. 2008 оны сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн намууд цалин, тэтгэмжинд дэндүү муухай бодлого явуулсан. Тухайлбал өнгөрсөн оноос л төрийн ажилчдын цалинг нэмнэ гээд байсан. Нэмсэн цалинг нь энэ онтой харьцуулахад 84 хувиар өссөн. Мэдээж энэ нь хувийн секторуудад нөлөөлнө. Хувийнхан ч гэсэн ажиллах хүчээ алдахгүйн тулдцалингаанэмнэ. Ингээд гинжин урвал явж эхэлсэн. Энэ мэтийн бодлогоос болоод Монголын дотоод инфляци хүчтэй явсан. Энэ бол дэлхийн эдийн засгийн хямрал эхлэхээс өмнө болсон зүйл гэж боддог. Энэ бүхний эсрэг төр оновчтой бодлого явуулж чадаагүй. Харин ч бүхнийг дэврээх эх үүсвэр нь учраас Монголын инфляцийн гол буруутан нь төр гэж ойлгодог. Инфляцийн эцсийн үр дүнд ард түмэн ядуурна.
-Яг одоогийн инфляцийн түвшинг та хэлэхгүй юу?
-Есдүгээр сарын байдлаар инфляци 34 хувь гэж зарлалаа. Оны эцэст 50 хувь болох байлгүй. Ийм нөхцөлд олон түмний хэрэглэж байгаа зүйл 50 хувь хорогдлоо гэсэн үг. Энэ мэт хохиролтой байдлаар инфляци өсч байна.
-Та сая банкууд мөнгө хүүлэгч болсон тухай ярилаа. Гэтэл чимээгүй байсан банкууд хадгаламжийн тухай хууль батлах талаар яриад байна?
-Банкууд хадгаламж дээр тогтдог. Гэтэл одоог хүртэл манайд хадгаламжийн даатгал байхгүй л байна шүү дээ. Банкуудын хямралдхамгийн эрсдэлтэй зүйл нь хувийн хадгаламж байна. Хадгаламжийн даатгалын асуудлыг аль хэдийн шийдэх ёстой байсан. Хамгийн гол алдаа нь төрийн бодлого. Дэлхийн санхүүгийн хямрал эхлээд банкууд дампуураад эхлэхээр энэ асуудал манайд яригдлаа. Банкууд мөнгө хүүлж эдийн засгийг сорж явсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
-Шатахууны хувьд манайх Оросоос хараат мэт байдаг. Дотооддоо болон өөр бусад орноос шатахуунаа авах боломж байдаггүй юм уу?
-Энэ бол стратегийн бодлогын асуудал. Монгол арваад жилийн өмнөөс нефтийн хайгуулаа эрчимжүүлэн, олсон нефтиэ дотооддоо боловсруулаад нүүрсээ нэрэхэд анхаарсан бол болох байсан. Энэ бүхэнд төрийн хараа дутсан гэж хэлэх байна. 2006 онд нэг баррель нь 801 доллар 2007 онд 100 долларт хүрнэ гэж зарлаад байхад манайхан дуугүй суугаад Оросын хэдэн ШТС-ыг байгуулах талаар маргалдаад байсан. Одоо Оросын компаниудын тоглоом болчихоод л сууж байна. Гэтэл өнөөдөр нэг баррель нефть 65 доллар байгаа. Ийм байдалд хүртэл манайхан анхаарахгүй явсан. Дэлхийд нефтийн үнэ буурлаа гэхэд манайд буухгүй л байсан шүү дээ. Энэ Оросын компаниас үнэ өсгөх үү гэж асуугаад байгаатай холбоотой юм.
-Дэлхийд нефтийн унэ буурлаа гэхэд манайд буухгүй байдаг нь манай зах зээлийн мэдрэмтгийг харууллаа гэж ойлгож болох уу?
-Маш зөрчилтэй. Монголын эдийн засаг жижигхэн гэсэн утгаараа унахдаа ч босохдоо ч амархан гэдэг талаас нь хандвал мэдрэмтгий гэж хэлнэ. Гэтэл цөөхөн хэдэн олигархи бүлэглэлүүдийн эрхшээлд орсон байдлаараа бол мэдрэмтгий биш гэсэн бодол төрдөг.
-Инфляци иймэрхүү байдалтай байна. Эруул инфляцитай байхын тулд яах ёстой вэ?
-Шатахууны хямрал дэлхийд анх удаа тохиож байгаа юм биш. 1973 оны анхны хямралыг Япончууд хоёр жилийн өмнөөс хараад энэ байдалд бэлдчихсэн байсан. Энэ байдлыг тэд ямар ч хямралгүйгээр давсан түүхтэй. Яг үүнтэй адил манай төрийн бодлого алсыг хардаг байх ёстой. Инфляцийг эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд төрийн бодлого зөв байх ёстой, Аль ч оронд амьдрал сайжирна гэдэг сонгуулиар мөнгө тарааснаар биш бүтээмж, баялагаа дээшлүүлснээр хэмжигддэг. Өөрөөр хэлбэл төр алсыг харсан бодлоготой байх ёстой. Жищээ нь: Манай зэсийн үнэ таван жил тутамд хэлбэлздэг. Гэтэл зэсийн үнэ өндөр байх үеийг харчихаад эдийн засгийг 15 жилийг энэ үнээр төсөөлөөд байгаа юм.
-Мөнгө тараахгүй гэснээс энэ удаагийн сонгуульд улс төрийн хоёр хүчин маань их хэмжээний мөнгө амалсан. Ингэж бэлэн мөнгө өгөх нь зөв үү?
-Эдийн засгаараа тоглож байгаа туйлын буруу зүйл гэдгээ хэвлэлээр хэлсэн. Сонгуулийн энэ амлалтыг монголын эдийн засаг даахгүй. Саяхан нэг хэвлэл дээр “Хувьсгалт намын бүх амлалтыг хэрэгжүүлэхэд 31 триллон төгрөг хэрэгтэй” гэсэн байсан. Монголын ДНБ өнгөрсөн жилийн байдлаар 4 триллон 551 төгрөг гэж гарсан. Энэ жилийн хувьд 5 триллон давж гарах биз. Ийм байдалтай байхад юун 31 триллон төгрөгний асуудлыг шийдэх вэ. Хамгийн сонирхолтой нь манай төрийн түшээд хүртэл хэвлэл мэдээллээр “Гаднаас мөнгө босгоод асуудлыг шийднэ” хэмээн ярих юм.
-Мөнгө босгоно гэдгийг тодруулахгүй юу?
-Энэ нь зээл авч өрөнд орно гэсэн үг. Бид хойч үеэ өрийн барьцаа болгон байж сонгуулийн амлалтаа биелүүлэхэд хүрнэ. Улс төрийн сонгуулийг эдийн засагтай хутгаж заваардгаа болих цаг нь болсон. Хэрэв энэ байдлаа болихгүй бол монгол сүйрэл рүүгээ явж байна.
-Тэгэхээр энэ амлалтыг биелүүлэх боломжгүй байх нь ээ?
-Ямар ч үндэс байхгүй. Орд газрыг бодохдоо хэдэн төгрөгөөр бодсон билээ. Зэсийн үнэ гэхэд хэлбэлздэг шүү дээ. Гэтэл манайхан нэг л үнээр бодоод байх юм.
-Орд газруудыг ашиглана гээд байгаа. Энэ талаарх таны бодол юу вэ?
-Орд газар ашиглаад хэзээ ч баяжихгүй. Түүнийгээ гадагш нь зөөгөөд баахан ухсан нүхтэй үлдэнэ биз дээ. Хамгийн чухал нь олсон баялагтаа мэдлэг, технологи наагаад түүгээрээ нарийн бүтээгдэхүүн хийж гаргавал асуудлыг удаан хугацаанд шийдэх бүрэн боломжтой юм.
-Алт, зэснээс 68 хувийн татвар авсан. Энэ нь зөв байсан уу?
-Эдийн засгийн хувьд энэ нь утгагүй зүйл. Монгол шаталсан татварын системтэй, гэнэтийн орлогын ашгаас 68 хувийн хууль гаргалгүйгээр ашгийг төсөвт авдаг байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Нөгөө талаас бид байгалийн, хэвлийн баялгаа маш хямдаар үнэлдэгтэй холбоотой юм. 1997 оны хуулиар борлуулах үнийг 5 хувиар, 2006 оны хуулинд 5 хувиар үнэлж байгаа. Энэ бол утгагүй зүйл л дээ. Байгалийн нөөц эрдэс баялгийн үнэлгээ гэдэг орд газрын онцлог баялгийн хэмжээ баяршил гээд олон зүйлээс шалтгаалдаг. Энэ бүхнийг харахгүйгээр энэ жаахан хувиар огтолно гэдэг буруу. Америкийн нүүрсний орд газрын хувь нь 12.5 байдаг гээд боддоо.
-Монголын эдийн засаг олигархиудын гарт байдаг гэж ойлгож болох уу?
-Бүх гол зангилаа цэгүүд нь олигархиудын гарт байгаа.
-Манайд орон сууц хамгийн үнэтэйд тооцогддог. Энэ байдал цаашид хэрхэн өрнөх бол?
-Байрны үнийн өсөлт хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт бүтээн байгуулалтын жилтэй холбоотойгоор барилгын үнийг өсгөж, барилгын салбарыг Солонгос, Японы идэш болгосон. Өөр нэг үндэслэл нь банкууд орон сууцанд зориулж их хэмжээний зээл өгсөнтэй холбоотой л доо. Орон сууцны үнэ ерөнхийдөө хямдрах төлөв ажиглагдаж байна. Үүнд нарийн тооцоо хэрэгтэй. Гол нь дотооддоо барилгын матөриал үйлдвэрлэж түүгээрээ зах зээлээ хангах хэрэгтэй.
-Банкууд дампуурлаа гэх юм. Энэ нь бодит зүйл үү эсвэл цуурхал уу?
-Дэлхийн санхүүгийн хямралтайгаар холбоотойгоор банкууд зээлэндээ хязгаарлалт хийлээ. Дампуурлын тухайд банкууд өмнө нь бага хүүтэй удаан хугацааны зээл өгсөн нь хямралд оруулах хүчин зүйл гэж бодож байна. Нөгөө талаас нь авч үзвэл шуугиан байж болох юм. Монголын эдийн засгийг нэгэн үед сайн ашиглаж байгаад сүүлд нь амандаа хүлхих бодолтой байгааг үгүйсгэхгүй. Мөн банкуудын шударга бус өрсөлдөөн ч байж ч болно.
-Дэлхийн эдийн засгийн хямрал манайд хэрхэн нөлөөлөх бол?
-Олон талаар нөлөөлнө. Хэвлэлийнхэн энэ хямрал манайд хүндээр тусна, харин ч ашигтай хоёр талтай байна. Энэ талаар гадныхан зөвлөгөө өгсөн гэж ч шуугиж байгаа. Хожиж болох саналтай хүмүүст хандаж ярихад ядуу буурай орон дэлхийн эдийн засаг хямарч байхад хог түүж амьдардаг. 1997-1998 онд Азийн хямралд манайхан ийм байдлаар жаахан ашиг олж байсан талтай. Гэхдээ ийм байдлаар Монгол хожоотой гэж төсөөлвөл л том эндүүрэл. Дэлхийн эдийн засгаас манайд алдах юм их олон бий. Тэгээд ч дэлхийн эдийн засгийн хямрал бол хүн төрөлхтний зовлон. Энэ дунд гадаад зах зээл хумигдаж, экспортын барааны үнэ унаж, банк санхүүгийн систем хямарч эхэлнэ. Энэ бүхэн нүүрлэхгүй биш нүүрлээд байгаа зүйл шүү дээ.
-Хямралаас гарах ямар гарц байгаа вэ?
-Миний бодоход Их Хурал ямааны тэтгэмжийн асуудал ярилгүй өөрөөр хэлбэл цаг алдалгүйгээр ард түмний хувь заяаг шийдэх хэд хэдэн асуулдал байгаа. Саяхан Монгол Банкны дэд ерөнхийлөгч Энхжаргал “Монгол орон амьдралаа хэмнэлтийн горимд оруулах ёстой” гэж ярьсан. Энэ бол маш зөв. Хоёрдугаарт эдийн засаг дахь улс төрийн оролцоог зогсоох хэрэгтэй. Сонгуульд өгсөн энэ их амлалтаа хоосон гэдгээ хүлээн зөвшөөрч ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй.
-Инфляцийг яаж эрүүлжүүлнэ гэж та бодож байна?
-Инфляцийг эрүүлжүүлэхийн тулд хамгийн түрүүнд хадгаламжийн даатгалын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Банкуудын хүрээнд төв банкны эрх үүргийг өргөтгөж, хувьцаа гаргах, худалдаж авах эрхийг өгмөөр санагддаг. Нөгөө талаас хувийн банкуудад тавих төрийн хяналтыг хүчтэй болгох нь зүйтэй. Энэ нь хувийн банкуудыг нийгэмчилж авна гэсэн үг огт биш. Энэ бол хувийн банкуудыг үйл ажиллагаанд тавих хүчтэй болгохгүй бол болохгүй байна. Саяхан Японы “Иточу” компани холбоотой асуудал дэгдсэн. Үүнийг маш ул суурьтай шалгаж хянахгүй бол болохгүй. Эдгээр алхмуудыг түргэн хийх шаардлагатай байна. Нөгөө талаас төсвөө хэмнэ. Төрийн төсөв дэндүү данхайж хэтрэх болсон. Саяхан сангийн сайд УИХ-д “2009 онд манай ДНБ долоон триллон төгрөг давна, нэг хүнд ногдох ДНБ 2212 доллар болно” гэж байх юм. Энэ бол сайхан зүүд. Бид ийм зүүдээр амьдарч болохгүй. Төр бол бодит байдлаар харж эрсдлийг тооцож бодлого боловсруулах ёстой.

Ярилцсан Э.Цолмонбаяр

(Нийт: 8)